Сүүлийн гурван өдөрт 76 вагон шатахуун Монголд иржээ
Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яамнаас мэдээлснээр, 2025 оны аравдугаар сарын 25-27-ны хооронд Сүхбаатар боомтоор нийт 76 вагон АИ-92 автобензин орж ирсэн байна. Тодруулбал, 25-нд 24 вагон, 26-нд 29 вагон, 27-нд 23 вагон шатахуун импортлогджээ.
Аравдугаар сарын 27-ны өглөөний 08:00 цагийн байдлаар УБТЗ-ын хэмжээнд 53 вагон АИ-92 шатахуун байгаагаас:
- Толгойт өртөөнд – 26 вагон,
- Аршаант өртөөнд – 4 вагон буусан,
- Харин Улаанбаатар, Рашаант, Толгойт, Дархан, Сайншанд чиглэлд нийт 27 вагон замдаа явж байна.
Мөн ОХУ-аас аравдугаар сарын 25-нд 50, 26-нд 79, 27-нд 61 вагонцистерн шатахуун ачигдсан мэдээллийг ирүүлжээ.
ШТС-уудын нөхцөл байдал
Улаанбаатар хотын хэмжээнд 282 шатахуун түгээх станц (ШТС) бүртгэлтэй байдаг бөгөөд үүнээс импортын компаниудын 232 ШТС үйл ажиллагаа явуулж байна. Үүнд Петровис, Шунхлай, Сод Монгол, Тэс Петролиум, Монсуль, Газ ойл, Синчи ойл, Тод Петролиум зэрэг ААН-үүд багтдаг.
АҮЭБЯ-наас мэдээлснээр, өчигдөр орой хэвийн ажиллаж байсан 185 ШТС-ын заримын нөөц багассан ч өнөө өглөө зургаан компанийн 140 ШТС-д шинэ шатахууны орлого хүргэх ажил эхэлсэн байна. Эхний автомашинууд агуулахаас гарч, шатахуун түгээх станцууд руу хүргэгдэж байгаа ажээ.