Зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн 10–20 хувийг урамшууллаар олгоно

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Зөрчил гаргасан жолоочийн мэдээллийг илгээсэн иргэнд урамшуулал олгоно

Энэ сарын 1-нээс эхлэн явган хүний зам, автобусны буудал, автозамын нэгдүгээр эгнээг хааж зогссон жолоочийн зөрчлийг илрүүлсэн иргэдэд урамшуулал олгох журам хэрэгжиж эхэллээ.

Иргэд зөрчлийг зурагаар баталгаажуулж, “102” аппликэйшнээр Замын хөдөлгөөний удирдлагын төвд илгээснээр урамшуулал авах боломжтой.

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, иргэдэд зөрчилд ногдуулсан торгуулийн 10–20 хувийг урамшуулал хэлбэрээр олгоно.

Урамшууллын олголт НӨАТ-ын буцаан олголтын хугацаатай ижил байх бөгөөд:

  • 2026 оны 1-р сарын 20-нд — 2025 оны сүүлийн хоёр сарын урамшуулал
  • 2026 оны 4-р сарын 20-нд — 2026 оны эхний гурван сарын урамшуулал
    нэг удаа олгогдох юм.

Жолооч торгуулиа төлсний дараа мэдээлэгч иргэнд урамшуулал олгоно.
Жишээ нь:

  • 20,000 төгрөгийн торгууль ногдуулсан бол иргэн 2,000–4,000 төгрөгийн урамшуулал авна.
  • Хэрэв жолооч торгуулиа хугацаандаа төлөөгүйгээс дүн өссөн бол урамшуулал өссөн дүнгээс тооцогдоно.

Урамшууллыг иргэний данс руу шилжүүлэх бөгөөд орлогын албан татвар суутгаж олгоно.

Тэгвэл зөрчил гаргасан жолооч торгуулиа хугацаандаа төлөөгүй тохиолдолд таван сарын дараа 20 мянган төгрөгийн торгууль 30 мянга болж өсөхөд, мэдээлэгч иргэнд 6,000 төгрөгийн урамшуулал бодогдоно.

Хуульд зааснаар явган хүний зам дээр автомашин байрлуулах, автобусны буудал хааж зогсох, хориотой газарт зогсох зэрэг зөрчилд 20,000 төгрөгийн торгууль ногдуулдаг.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй