Багш нарын ажил хаялт өнгөрсөн 10-р сарын 16-нд эхэлж, нийт 13 хоног үргэлжилсний эцэст өнөөдөр дуусгавар боллоо. Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам багш нарын цалин хөлсний талаар байгуулсан нэмэлт хэлэлцээрийг бүртгэн авсан талаар мэдээлжээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр энэ талаар “Өнөөдөр ажил хаялт дуусгавар болно. Хичээлийнхээ бэлтгэлийг сайн хангаж, хичээлээ чин сэтгэлээсээ заагаарай гэж бүх багш нартаа уриалж байна” хэмээн мэдэгдэв.
Харин Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга З.Цогтгэрэл хэлэхдээ:
“Улс орон даяар 720 байгууллагын 40 мянга гаруй гишүүн ажил хаялтад нэгдлээ. Эцэг эх, асран хамгаалагч нартаа энэхүү үйл ажиллагааг ойлгож, дэмжсэнд талархаж байна. Ирээдүйд чанартай боловсролын төлөө нэгдсэн бүх багш нартаа чин сэтгэлээсээ баярлалаа. Мөн багш нарын орон сууцны асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэхээр тохиролцсон.”
Нэмэлт хэлэлцээрийн гол агуулга:
- Багш, ажилтнуудын цалинг 2026 оны 11-р сарын 1-нээс 50 хувиар нэмэгдүүлнэ.
 - 2026 онд багш нарын цалинг 2.8 сая төгрөгт хүргэнэ.
 - Цаашид шат дараатайгаар 3.5 сая төгрөгт хүргэхээр талууд хамтран ажиллах юм.
 - Ажил хаялтад оролцсон багш нарын нөхөн олговрыг бүрэн олгоно.
 
Ийнхүү багш нарын ажил хаялт албан ёсоор зогсож, сургууль, цэцэрлэгүүд энэ сарын 5-наас сургалтын үйл ажиллагаагаа хэвийн горимд шилжүүлэхээр төлөвлөж байна.