Монголын залуу жокейчид морин спортын түүхэнд шинэ хуудас нээлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Монголын залуу Жокейчид Морин спортын түүхийн хуудсыг шинээр эхлүүллээ

Монгол Улсын төлөөлөл анх удаа морин спортын Олимпийн төрөлд тооцогддог Өсвөрийн морин спортын саадтай харайлт болон “Тэсвэр хатуужлын тэмцээн”-д амжилттай оролцлоо. Тус тэмцээн БНСУ-ын Жэжү хотод болж, Азийн таван орны 150 гаруй тамирчид өрсөлдсөн байна.

Монголын тамирчид Нийслэлийн Морин спорт, уяачдын холбооны дэргэдэх “Хангарди жокей” клубын нэрийн өмнөөс оролцсон бөгөөд дасгалжуулагч Б.Үүрцайх, Г.Мягмарцэрэн нарын удирдлага дор хүч үзжээ.

  • Саадтай харайлтын төрөлд: Ү.Марс-Од, Э.Тэмүүлэн нар,
  • Тэсвэр хатуужлын 30 км, 60 км-ийн уралдаанд: О.Энх-Очир, Э.Сүхбат нар оролцсон байна.

Гурван өдөр үргэлжилсэн тэмцээний дүнгээр залуухан жокей Ү.Марс-Од ганцаарчилсан төрөлд IV байр эзэлсэн бол, багийн төрөлд БНСУ-ын залуу жокей Ким Сү Жонтой хослон түрүүлж, Монголын морин спортын түүхэнд шинэ хуудсыг нээсэн амжилт гаргажээ.

Тэмцээний үеэр НМСУХ-ны тэргүүн М.Мөнхбаясгалан, “Хангарди жокей” клубын тэргүүн М.Энхболд болон баг хамт олон өсвөрийн залуу тамирчдаа дэмжиж, Монголын морин спортын нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөсөн байна.

Монголын залуу жокейчид, дасгалжуулагч, багийн хамт олонд цаашдын олон улсын тэмцээнд улам их амжилт хүсье.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй