Нийслэлийн хэмжээнд орсон цаснаас үүдэлтэй халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлэх ажлыг эрчимтэй зохион байгуулж байна. Ялангуяа Чингэлтэй дүүрэгт зам талбайн үйлчилгээний ажилтнууд тусгай зориулалтын техниктэйгээр өглөө эртнээс хөдөлгөөнд орж, зам талбайг цэвэрлэн, давс бодис цацаж ажиллаж байна.
Чингэлтэй дүүргийн менежер Л.Цэеэрэгзэн энэ талаар “Дүүргийн хэмжээнд үүрийн 04:00 цагаас эхлэн есөн давс, бодис цацагч техник, дөрвөн шүүрдэгч, хоёр ковш зэрэг нийт 15 төрлийн машин, 75 ажилтан цас мөсийг арилгах ажилдаа орсон. Гэр хорооллын гудамж, нарийн замуудад халтиргаа үүсэх эрсдэл өндөр тул давс, бодисын нөөцийг бүрэн бүрдүүлсэн. Энэ жил цэвэрлэгээний техник тоног төхөөрөмжүүдийг шинэчилсэн нь цасыг илүү хурдан, аюулгүй арилгаж байгаагаараа давуу талтай. Мөн авто замын нуух болон явган замын цэвэрлэгээг техниктэй болгоод байна. Тиймээс байгууллага, аж ахуйн нэгжүүд орчныхоо 50 метр талбайг цэвэрлэж хэвших хэрэгтэй” хэмээлээ.
Чингэлтэй дүүрэгт:
- Өвөр гүнт чиглэлд 10 тонн давс
- Гэр хорооллын авто замуудад 25 тонн давс
- Хотын төвийн хэсэгт 10 тонн давс
Нийтдээ 45 тонн давс авто замуудад тараагаад байна. Үүнээс гадна дүүрэг нийт 1314 тонн давс, 1760 тонн бодис, 476 тонн дайрганы үлдэгдэлтэй, шаардлагатай үед шуурхай ашиглах боломжтой байгаа аж. Цас ихээр орж, замын нөхцөл хүндрэх магадлалтай үед техник, ажилчдын бэлэн байдлыг бүрэн хангаж ажиллаж буйг холбогдох албаныхан тодотголоо.