Казахстаны Астана хотноо болсон пара жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн дүнгээ гаргаж, Монголын баатрууд бахдам амжилт үзүүллээ. Манай пара жүдочид нийт дөрвөн медаль хүртэн эх орныхоо далбааг өндөрт мандуулсан юм.
Эмэгтэйчүүдийн J1 ангиллын -70 кг жинд олон улсын хэмжээний мастер Л.Туруунаа өрсөлдөгчдөө дийлж, алтан медалийн эзэн боллоо. Үүнтэй зэрэгцэн монгол төрийн дуулал Астанагийн талбайд эгшиглэж, тамирчны маань ялалтын мөчийг улам өргөмжиллөө.
Манай багийн бусад амжилт:
- J1 -95 кг (эрэгтэй): ОУХМ Д.Ганбат мөнгөн медаль
- J1 -70 кг (эрэгтэй): Б.Бат-Эрдэнэ хүрэл медаль
- J1 -52 кг (эмэгтэй): Т.Сувд-Эрдэнэ хүрэл медаль
Мөн дараах тамирчид шагналт тавдугаар байрт шалгарсан:
- Б.Сүхбат (J1 -70 кг)
- Л.Эрдэнэбилэг (J1 -95 кг)
- Э.Даваадагва (J2 -81 кг)
Манай баг багийн барилдаанд ч мөн амжилттай өрсөлдөн шагналт байр эзэлжээ.
Монголын пара жүдочдын эр зориг, хөдөлмөр чармайлт дахин нотлогдсон Азийн аваргын тэмцээн боллоо.