“Ахмадын дуу хоолой” хөдөлгөөн өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, ахмад настнуудын тэтгэврийн асуудлыг төр, засгийн түвшинд нэн даруй шийдвэрлэхийг шаардав. Тэдний хэлснээр ахмадуудын амьжиргаанд тэтгэврийн дорвитой нэмэгдэл зайлшгүй хэрэгтэй болсон бөгөөд ирэх 2026 он гэхэд тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх ёстой гэж үзэж байна.
Хөдөлгөөний төлөөлөл “Тэтгэврийг хувьчлалын зарчмаар бус, бүх ахмадуудад ижил хэмжээтэй нэмэх шаардлагатай. 2026 он хүртэл ахмадуудын оролцоотойгоор албан ёсны хэлэлцээр хийж, бодит шийдвэр гаргах хэрэгтэй” гэдгийг онцлов. Мөн 2027 онд нэмэх тухай яригдаж буй амлалт нь хэт оройтох тул хугацааг урагшлуулах шаардлагатайг тодотголоо.
Шаардлагын багц дараах таван чиглэлээр гарчээ:
- Тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх
- Тэтгэврийн зээлийг нэг удаа 36 сарын хугацаатай олгох
- Тэтгэврийн зээлийн хүүг 12 хувьд бууруулж, хүүгийн давхар бодолтыг зогсоох
- Тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлийн ангиллаас гаргах
- 694.9 тэрбум төгрөгийг ахмадуудын дунд тэгш шударга хуваарилах
Ахмадуудын хэлж буйгаар тэд таван сар хүлээсэн ч тодорхой шийдвэр гараагүй тул нөхцөл байдал дордож, олон ахмад амьжиргааны хүнд байдалтай нүүр тулжээ. “Бид шантрах биш, амьд үлдэхийн төлөө дуугарч байна. Төр засаг хариуцлагаа ухамсарлаж, 72 цагийн дотор тодорхой хариу өгөх ёстой” гэж тэд мэдэгдэв.