Монголын металл ертөнцөд шинэ алхам хийсэн Uuhai хамтлаг дэлхийн алдарт Napalm Records-тай албан ёсны гэрээ байгуулж, анхны бүрэн хэмжээний цомгоо “Human Herds” нэртэйгээр 2026 оны 1 сарын 9-нд гаргахаар болсноо зарлалаа. Ингэснээр Монголын хөгжмийн урлаг олон улсын тайз руу баттай хөл тавьж буй томоохон үйл явдал болов.
Уламжлалт Монгол хөгжим, хөөмий, морин хуурын өнгийг орчин үеийн рок, металлын эрчимтэй хэв маягтай уусган өвөрмөц өнгө төрх бүрдүүлдэг тус хамтлаг долоон гишүүнтэй. Тэдний цахимд дэлгэрсэн эртний дуунууд сая сая сонсогч татаж, дэлхийн хэвлэлүүдийн анхаарлыг хандуулсан нь Napalm Records-тэй гэрээ байгуулах үндэс болсон гэдгийг хөгжмийн шинжээчид онцолж байна.
Шинэ цомгийн зарын хамт “Uuhai” нэртэй шинэхэн сингл болон клипийг мөн нийтэлжээ. Хатуу рифф, хөөмийн өнгө, сүр хүчтэй хэмнэлээр дүүрэн энэхүү бүтээл нь хамтлагийн онцгой өнгө төрхийг улам тодруулсан гэж олон улсын хэвлэлүүд бичив.
Сүүлийн өдрүүдэд FrontView Magazine, Brave Words, Live Metal, Grande Rock зэрэг гадаадын томоохон сайтууд Uuhai-ийн амжилтыг онцлон мэдээлж, Монголын уламжлалт соёлыг орчин үеийн хөгжмийн урсгалд амжилттай нэгтгэсэн үлгэр жишээ гэж үнэлжээ.
“Human Herds” цомог Монголын нүүдэлчин амьдрал, байгаль, соёлын сэдвүүдийг металлын хүчтэй аялгуутай нийцүүлсэн бүтээл байх бөгөөд хамтлаг цаашид олон улсын тоглолт, фестивалиудад оролцохоор төлөвлөсөн байна.
Энэ үйл явдал нь Монголын рок, металлын шинэ үе дэлхийд гарах боломж бүрджээ. Шинэ цомгийг урьдчилан захиалах болон клипийг үзэхийг хүсвэл хамтлагийн албан ёсны сувгууд, Napalm Records-ийн сайтаар орж танилцах боломжтой.