Table of Contents
“Ноорог” Креатив студийн захирал О.Уламсайхан өчигдөр үүрийн 04:00 цагийн орчимд хутгалуулж, яаралтай хагалгаанд орсон билээ. Тэгвэл өнөө өглөөний байдлаар хагалгаа амжилттай болж, ухаан орсон талаар түүний ойрын найз, сэтгүүлч Ж.Өнөмөнх цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Албан ёсны тайлбар
Ж.Өнөмөнх хэлэхдээ:
“О.Уламсайханы хагалгаа амжилттай болж, ухаан орсон. Гэвч уг хэргийн талаар үндэслэлгүй, хуурамч мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгэж байна. Тиймээс үнэн бодит байдлыг тодруулж хэлэхэд, уг хэрэг нь найз нөхдийн хоорондын маргаан бус, таньж мэдэхгүй хөндлөнгийн этгээд санаатайгаар үйлдсэн гэмт хэрэг юм. Энэ нь жагсаалд оролцсон асуудалтай холбоогүй” гэжээ.
Тэрбээр мөн дараах залруулгыг хийв:
- “О.Уламсайхан айлын гэрт дайрч орсон, эхнэрт нь гар хүрсэн” гэх мэдээлэл огт үндэслэлгүй.
- Хэрэг О.Уламсайханы гэрийн орцонд болсон бөгөөд уг үйл явдлын нотлох баримт мөрдөн шалгах ажиллагааны нууцад хамаарч байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
- Хуурамч мэдээлэл санаатайгаар түгэж байгаа тул хариуцлага тооцох эрхээ нээлттэй хадгалж байна гэж мэдэгдэв.
Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
Одоогоор сэжигтнийг саатуулж, хэргийн шалтгаан, үйлдэл санаатай эсэхийг мөрдөн шалгаж байгаа аж. Ж.Өнөмөнхийн хэлснээр, сэжигтэн нь О.Уламсайханы жагсаалд оролцсоныг шүүмжилж, үүнээс үүдэн өдөөн хатгасан байж болзошгүй байна.
Хүний эрхийн байгууллагад ханджээ
Түүнчлэн уг хэрэгтэй холбоотойгоор Хүний эрхийн Үндэсний комисст гомдол гаргасан бөгөөд О.Уламсайхан жагсаалд оролцсоныхоо төлөө бие махбод, сэтгэл санааны халдлагад өртсөн нь ноцтой зөрчил гэж үзэж буйг онцолсон байна.
Ж.Өнөмөнх эцэст нь:
“Баримтгүй мэдээлэлд итгэж бусдын нэр хүнд, нэр төрд халдахгүй байхыг уриалж байна. Үнэн зөв мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны үр дүн тодорхой болсны дараа нийтэд хүргэнэ” гэжээ.