Британийн алдарт дуучин Адель анх удаа кинонд тоглохоор болж байна. Тэрээр найруулагч Том Фордын “Cry to Heaven” хэмээх шинэ уран сайхны кинонд гол дүрийн нэгийг бүтээхээр тодорчээ. Энэхүү бүтээл нь зохиолч Энн Райсын 1982 онд бичсэн ижил нэртэй романаас сэдэвлэсэн юм гэж Variety мэдээллээ.
Киноны үйл явдал XVIII зууны Италид өрнөх бөгөөд нэг нь венециан язгууртан, нөгөө нь оперын дуучин хоёр эрийн амьдралын огтлолцлыг харуулах аж. Сценарийг Том Форд өөрөө бичиж, тэрбээр найруулагч болон продюсерын үүргийг давхар гүйцэтгэнэ.
Адель гол дүрийн нэгийг бүтээхээс гадна киноны гол цөмийг илэрхийлэх уран сайхны дүр хүлээж авахаар болжээ. Түүнтэй хамт тоглох жүжигчдийн бүрэлдэхүүнд: Николас Холт, Аарон Тейлор-Джонсон, Киран Хайндс, Жорж МакКей, Марк Стронг, Колин Ферт, Пол Беттани, Оуэн Купер, Хантер Шефер, Тандиве Ньютон зэрэг дэлхийн нэр хүндтэй уран бүтээлчид багтаж байна.
Мөн кинонд Дэниел Куинн-Тойе, Жозефина Тизен, Теодор Пеллерен, Дэрил МакКормак, Кассиан Билтон, Хаук Ханненманн, Люкс Паскаль нар тоглохоор болжээ.
Киноны зураг авалт 2026 оны нэгдүгээр сард эхэлж, Лондон болон Ром хотуудад хийгдэх юм. Том Фордын компанийн хөрөнгөөр бүтэх энэхүү киноны нээлт 2026 оны намар болох төлөвтэй байна.
Том Форд бол Gucci болон Yves Saint Laurent-ийн хуучин бүтээлч захирал бөгөөд 2009 онд “A Single Man” киногоороо найруулагчийн гараагаа эхэлсэн. Түүний дараагийн бүтээл “Nocturnal Animals” 2016 онд Венецийн кино наадмын шүүгчдийн шагнал хүртэж байсан юм.