2025 ОН: Монгол, Туркийн харилцаа «Стратегийн түншлэл»-д хүрлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
МОНГОЛ, ТУРК СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААТАЙ БОЛЛОО

2025 он Монгол Улсын гадаад бодлогын хувьд тэнцвэртэй харилцааг хангаж, дэлхийн олон улстай түншлэлээ бататгасан үр дүнтэй жил болж өнгөрлөө. Энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Европ, Азийн найман улсад төрийн айлчлал хийсэн бол Япон, Австрали зэрэг орны төр, засгийн тэргүүнүүд манай улсад зочлов.

Эдгээр айлчлалуудын дундаас Бүгд Найрамдах Турк Улстай тогтоосон харилцаа хамгийн өндөр шатанд хүрч, хоёр улс «Иж бүрэн түншлэл»-ээс «Стратегийн түншлэл»-д шилжсэн нь түүхэн ач холбогдолтой үйл явдал боллоо.

Монгол-Туркийн хамтын ажиллагааны гол чиглэлүүд

Шинэ шатанд гарсан стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улс дараах салбаруудад нягт хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:

  • Эрүүл мэнд ба Технологи: Эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж, анагаах ухааны дэвшилтэт технологид суурилсан хамтарсан оношилгоо, судалгааны төслүүдийг хэрэгжүүлнэ.
  • Боловсрол ба Залуучууд: Багш, оюутан солилцооны хөтөлбөрүүдийг өргөжүүлж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн чиглэлээр туршлага хуваалцахаас гадна биеийн тамир, спортын харилцааг дэмжинэ.
  • Байгаль орчин ба Ойжуулалт: «Тэрбум мод» үндэсний хөдөлгөөний хүрээнд цөлжилттэй тэмцэх, ойг нөхөн сэргээх, модны тарьц суулгац үржүүлэхэд Туркийн туршлагыг нэвтрүүлж, хүний нөөцийг чадавхжуулна.
  • Тусгай хамгаалалттай газар нутаг: Эко аялал жуулчлалыг хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтарсан мониторинг, судалгаа хийнэ.
  • Уул уурхай ба Эрчим хүч: Нүүрс олборлолтын аюулгүй ажиллагаа, цэвэр нүүрсний технологийн чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

Тээвэр, логистикийн шинэ гарц

Стратегийн түншлэлийн хамгийн ирээдүйтэй чиглэлүүдийн нэг нь тээврийн салбар юм. Хоёр тал Европын орнуудаас Туркээр дамжин Монгол руу чиглэсэн төмөр замын ачаа тээврийн шинэ урсгал нээх боломжийг судлахаар тогтов. Энэ нь олон улсын тээврийн коридоруудыг хөгжүүлэх, далайд гарцгүй манай орны хувьд «гуравдагч хөрш»-ийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй