Ц.Мөнхбаяр: Хөлийн цэцийн шийдвэр багийн амжилтад нөлөөллөө

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ц.Мөнхбаяр

Үндэсний бөхийн «Алтан цом»-ын төлөөх цуврал барилдааны дөрөвдүгээр тойрогт олны анхаарлыг татсан маргаантай үйл явдал тохиолоо. Энэ удаагийн барилдаанд «Хамаг Монгол» баг хүснэгтийг тэргүүлэгч «МСS — Энержи» багийг 13:12-оор буулган авч, үзэгчдийг шуугиулсан юм. Ингэснээр нэг ч хожигдоогүй явсан «МСS — Энержи» багийн амжилт ухарч, дөрөвдүгээр байр руу шилжжээ.

Барилдааны явцад Улсын заан Б.Бат-Өлзий болон Улсын харцага Ц.Мөнхбаяр нарын учраа олны дунд маргаан дагуулсан гол сэдэв болов. Барилдааны бичлэгийг удаашруулж үзэхэд Б.Бат-Өлзий заан хашлага тулах үедээ өвдөг нь газарт хүрсэн мэт харагдсан ч хөлийн цэцүүд өвөрмөц шийдвэр гаргасан юм. Тэдний зүгээс гаргасан тайлбар нь бөх сонирхогчдын дунд нэлээдгүй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хөлийн цэцийн шийдвэрийн гол үндэслэлүүд:

  • Бөхийн өвдөг газар хүрэх үед биеийн жингийн ердөө 90 хувь нь унасанд тооцогдоно гэж үзсэн.
  • Унах агшиндаа гараараа сандал дээр тулсан тул үлдсэн 10 хувь нь унаагүй хэмээн дүгнэсэн.
  • Хашлага тулахаас өмнө бүрэн буюу 100 хувь унаагүй гэж үзэн, барилдааныг дахин эхлүүлэхээр шийдвэрлэжээ.

Энэхүү шийдвэрт Улсын харцага Ц.Мөнхбаяр туйлын сэтгэл дундуур байгаагаа өөрийн цахим хуудсаар дамжуулан илэрхийлэв. Тэрбээр гаргасан хүч хөдөлмөр, хөлс хүчээ хөлийн цэцийн дүрмийн бус үйлдлээс болж үнэгүйдсэнд харамсаж байгаагаа онцолсон юм. Түүний хэлснээр, энэхүү алдаатай шүүлт нь зөвхөн нэг бөхийн амжилт бус, цаана нь асар их хөрөнгө, цаг хугацаа зарцуулсан багийн нийт үр дүнд сөргөөр нөлөөлсөн байна.

Улсын харцага Ц.Мөнхбаяр өөрийн байр сууриа илэрхийлэхдээ: «Ганцхан даваа авахын төлөө тамирчин хүн ямар их хөлс, хүч хөдөлмөр гаргасан байдгийг адилхан барилдаж байсан хүмүүс ойлгомоор юм даа. Хөлийн цэцийн удаа дараагийн дүрмийн бус шийдвэрүүдээс болж ганц миний унах ч дүүрч хөрөнгө мөнгө цаг хугацаагаа монгол бөхөд зориулсан багийн амжилтад нөлөөллөө» хэмээсэн юм. Энэхүү үйл явдал нь үндэсний бөхийн шүүлтийн систем болон хөлийн цэцийн дүрмийн хэрэгжилтэд шинэчлэл хэрэгтэйг дахин сануулсан үйл явдал боллоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй