2025 оны III улирлын байдлаар монголчуудын сарын дундаж цалин 2.7 сая төгрөгт хүрлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Дундаж цалингийн хэмжээ 2.7 сая төгрөг байна

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг Үндэсний статистикийн хорооноос шинэчлэн танилцууллаа. Өдгөө манай улсад хөдөлмөрийн насны 2.1 сая иргэн бүртгэлтэй байгаагаас 1.2 сая нь идэвхтэй ажил эрхэлж, харин 865 мянган хүн ажиллах хүчнээс гадуур байна гэсэн дүн гарчээ. 2025 оны гуравдугаар улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2.7 сая төгрөг болсон бол хамгийн түгээмэл буюу голч цалин 2.3 сая төгрөгийн түвшинд байна.

Салбар болон бүс нутгийн цалингийн ялгаа

Эдийн засгийн үйл ажиллагааны салбараас хамааран ажилтнуудын орлого харилцан адилгүй байгаа бөгөөд уул уурхайн салбар тэргүүлэх байр сууриа хадгалсаар байна. Тухайлбал:

  • Уул уурхай, олборлолт: Дундаж цалин 4.9 сая төгрөг буюу улсын дунджаас 79.5 хувиар өндөр байна.
  • Зочлох үйлчилгээ, нийтийн хоол: Дундаж цалин 1.8 сая төгрөг буюу улсын дунджаас 32.6 хувиар бага байна.
  • Боловсруулах үйлдвэрлэл: Бодит цалингийн индекс нь өмнөх улиралтай харьцуулахад 13.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
  • Бүс нутгийн хамаарал: Улаанбаатар хот болон төвийн бүсийн ажилтнуудын орлого бусад бүс нутгаас 1.7-5.1 хувиар илүү байна.

Хүйсийн харьцаа ба цалингийн бүтэц

Ажиллагсдын цалинг хүйсээр ангилан үзэхэд эрэгтэйчүүд дунджаар 3 сая төгрөгийн орлоготой байгаа бол эмэгтэйчүүдийнх 2.5 сая төгрөг байгаа нь 521 мянган төгрөгийн зөрүүг харуулж байна. Энэ нь хөдөлмөрийн зах зээл дээрх хүйсийн тэнцвэрт байдал болон салбарын онцлогоос шалтгаалсан орлогын зөрүү байсаар байгааг илтгэлээ.

Түүнчлэн нийт нийгмийн даатгал төлөгчдийн 38.4 хувь нь 1.5-3.0 сая төгрөгийн хооронд цалин авч байгаа нь хамгийн их жинг дарж байна. Харин 792 мянган төгрөг хүртэлх цалинтай ажилчид нийт даатгуулагчдын 9.1 хувийг эзэлж байгаа нь өмнөх үеэс тодорхой хэмжээний өөрчлөлт ажиглагдаж буйн шинж юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй