Table of Contents
Дэлхийн аваргын бүсний эзэн шинэхэн клубтэй болно
Холимог тулааны дэлхийн аварга Б.Энх-Оргилд зориулсан “Холимог тулааны бэлтгэлийн клуб” байгуулах амлалт албан ёсоор хийгджээ. Тэрбээр саяхан “ONE Championship” холбооны ээлжит тулаанд Бразилын тулаанч Фабрико Андрадетай өрсөлдөж, дөрөвдүгээр үед боолтоор ялалт байгуулан дэлхийн аваргын бүсийг эзэмшсэн билээ.
Өнгөрсөн долоо хоногт Ж.Нарантунгалаг, Б.Энх-Оргил нар аваргын бүсээ олон нийтэд танилцуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдсан. Энэ үеэр “Степпелинк холдинг” компанийн ерөнхий захирал Ц.Мөнхтүвшин Б.Энх-Оргилд зориулан холимог тулааны иж бүрэн бэлтгэлийн клуб тохижуулж, 2026 онд ашиглалтад оруулан хүлээлгэн өгөхөө амласан байна.
“Road to ONE”-оос дэлхийн тавцан хүртэл
Б.Энх-Оргил 2022 онд “AIC Steppe Arena”-д болсон “Road to ONE – Mongolia” олон улсын холимог тулааны тэмцээнд түрүүлж, мэргэжлийн амжилтынхаа гарааг тавьж байсан. Тухайн үеэс хойш “Степпелинк холдинг” компанийн удирдлагууд түүнийг тогтмол дэмжиж, замыг нь нээж ирсэн нь дэлхийн аваргын бүст хүрэхэд чухал нөлөө үзүүлсэн гэж үзэж байна.
Монголын тулаанчдаас “ONE Championship”-ийн аваргын бүсийг анх 2014 онд Ж.Нарантунгалаг хүртэж байсан түүхтэй. Түүнд залгамж болгон Б.Энх-Оргил дэлхийн аваргын шинэ үеийг нээж, Монголын холимог тулааны нэр хүндийг дахин олон улсад тодрууллаа.
Шинэ клуб монгол тулаанчдад зориулсан төв болох төлөвтэй
2026 онд ашиглалтад орох гэж буй холимог тулааны бэлтгэлийн клуб нь зөвхөн Б.Энх-Оргилын хувийн бэлтгэлийн орчин төдийгүй ирээдүйн залуу тулаанчдыг бэлтгэх чадамжтай, орчин үеийн стандарт бүхий төв болохоор төлөвлөгдөж байна. Ингэснээр Монголын холимог тулааны тогтолцоо, бэлтгэлийн дэд бүтэц шинэ шатанд гарах боломж бүрдэхээр байгаа юм.
2 комментария
Спортын салбарт хэрэгтэй санаачилга юм байна
Залуусыг спортоор хичээллэхэд дэмжлэг болох байх