Францын алдарт жүжигчин Брижит Бардо 91 насандаа таалал төгссөнийг Agence France-Presse (AFP) агентлаг «Брижит Бардогийн сан»-гаас иш татан мэдээллээ.
«Дэлхийн хэмжээний нэрт жүжигчин, дуучин, амьтны эрхийг хамгаалах үйлсэд өөрийн нэр хүндтэй карьер, амьдрал, эрч хүчээ бүрэн зориулсан манай сангийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч хатагтай Брижит Бардо таалал төгссөнийг гүнээ эмгэнэн зарлаж байна» гэж сангийн хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
Тус сангаас жүжигчний нас барсан өдөр болон газрыг нарийвчлан дурдаагүй байна.
Брижит Бардогийн товч намтар:
- Кино урлагт хөл тавьсан нь: Тэрээр 1952 онд найруулагч Жан Буайегийн «Нормандын нүх» (Le Trou normand) комеди кинонд анхны дүрээ бүтээж байв.
- Амжилтын гараа: Мөн онд тэрээр найруулагч Роже Вадимтай гэрлэсэн бөгөөд түүний найруулсан «Тэгээд Бурхан эмэгтэйг бүтээв» (Et Dieu… créа la femme, 1956), «Сарны гэрэл дэх үнэт эдлэлүүд» (Les Bijoutiers du clair de lune, 1958) зэрэг кинонуудад тоглож дэлхийн хэмжээний од болсон юм.
- Бусад бүтээлүүд: Түүний уран бүтээлийн жагсаалтад «Хувийн амьдрал», «Вива, Мария!», «Эрэгтэй — Эмэгтэй» зэрэг хэдэн арван алдартай төслүүд багтдаг.
- Нийгмийн зүтгэлтэн: 1970-аад оны эхээр Брижит Бардо кино урлагийг орхиж, амьтны эрхийг хамгаалах үйлсэд амьдралынхаа үлдсэн хугацааг зориулсан билээ.