Засгийн газрын шийдвэрээр 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох дэмжлэгийг 20 хувиар, бусад халамжийн тэтгэврийг 8.6 хувиар тус тус нэмэхээр боллоо. Энэхүү зохицуулалт нь хүн амын амьжиргааны доод түвшинтэй уялдуулан иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилготой юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэмэгдэл
Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдийн тэтгэвэр 478,000 төгрөг болж өссөн бол хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч буй иргэдийн асаргааны тэтгэмжийг сард 484,000 төгрөгөөр тогтоов.
Энэхүү төрөлд 16 насанд хүрсэн одой иргэд болон хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан хүмүүс хамрагдаж байна.
Ахмад настан болон өрх толгойлсон эцэг эхчүүдийн тэтгэмж
Түүнчлэн 65-аас дээш насны ахмадууд, тэжээгчээ алдсан хүүхдүүд болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхчүүдийн халамжийн тэтгэвэр 432,000 төгрөг болж шинэчлэгдсэн бол ердийн асаргааны тэтгэмжийг 330,000 төгрөгөөр олгохоор боллоо.
18 хүртэлх насны 4 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэвэр ийнхүү батлагдсан төсвийн хүрээнд 8.6 хувиар нэмэгдсэн байна.