А.Лукашенко: Беларусь улс дайнд бэлтгэж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Лукашенко

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Зэвсэгт хүчний иж бүрэн шалгалтын дүнгийн дараа мэдэгдэл хийхдээ тус улс дайныг хүсэхгүй байгаа ч түүнд бэлтгэж буйг онцоллоо. Энэ талаар “БелТА” агентлаг мэдээллээ.

“Энх тайван цаг гэж байх боломжгүй. Бид дайнд бэлтгэж байна. Үүний тулд л бид Зэвсэгт хүчнийг байгуулж, ард түмний хөрөнгөөр тэжээн тэтгэж байгаа юм. Бид дайны эсрэг гэдгийг хүмүүс, ялангуяа манай офицер, цэргүүд маш сайн ойлгох хэрэгтэй. Бид дайн гэж юу болохыг мэднэ, тиймээс дайтахыг хүсэхгүй байна. Гэхдээ армийн зорилго үүнд л оршдог. Хэрэв хэн нэгэн бидэнтэй зэвсгийн хараан дороос харьцахыг оролдвол бид хариуг нь өгөх болно. Үүнд л бид бэлдэж байна” гэж улсын тэргүүн мэдэгджээ.

Зөвлөгөөний үеэр Лукашенко ямар нэгэн зүйлийг нууж хаалгүйгээр нээлттэй ярилцахыг санал болгоод, энэ удаагийн шалгалт нь Беларусийн тусгаар тогтнолын түүхэнд анх удаа ийм өргөн хүрээг хамарсан болохыг тэмдэглэв.

Ерөнхийлөгчийн зүгээс цэргийн анги нэгтгэлүүд байлдааны бүрэн бэлэн байдалд шилжиж, дайны үеийн нөхцөлд хэрхэн ажиллахыг шалгах ганц зорилго тавьснаа онцолсон юм. “Энх тайван цагийн нөхцөлд шалгалт хийх нь зүгээр л мөнгө үрсэн хэрэг. Бидэнд илүүдээ гарсан мөнгө байхгүй” хэмээн Беларусийн удирдагч хэлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй