Австралийн алдарт AC/DC рок хамтлагийн хэмнэлт гитарчин (rhythm guitarist) Стиви Янг Аргентинд эмнэлэгт хүргэгджээ. Энэ тухай Reuters агентлаг мэдээллээ.
Хамтлагийн төлөөлөгчийн хэлснээр, “Болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс түүнийг орон нутгийн эмнэлэгт хэвтүүлж, иж бүрэн шинжилгээнд оруулж байгаа” аж. Тэрээр үргэлжлүүлэн “Стивигийн бие сайн, сэтгэл санаа нь өөдрөг байна. Тэр ирэх даваа гарагт тайзнаа гарахаа тэсэн ядан хүлээж байгаа” хэмээн мэдээлжээ.
Өдгөө 69 настай Стиви Янг 2014 онд өөрийн авга ах, AC/DC-ийг үндэслэгчдийн нэг Малькольм Янгийг орлон хамтлагтаа нэгдсэн юм. Малькольм Янг өвчний улмаас урлагаас хөндийрөөд байсан бөгөөд 2017 онд таалал төгссөн билээ.

Одоогоор тус хамтлаг “Power Up Tour 2026” аялан тоглолтынхоо хүрээнд Аргентинд байгаа бөгөөд үндсэн тоглолт нь 3-р сарын 23-нд “Монументаль” цэнгэлдэх хүрээлэнд болох товтой байна.
AC/DC хамтлагийг анх 1973 онд Сидней хотод Шотланд гаралтай ах дүү Малькольм болон Ангус Янг нар байгуулж байв. Дэлхий даяар 200 сая гаруй цомог борлуулсан тус хамтлаг нь Австралийн хамгийн амжилттай хамтлагт тооцогдохоос гадна дэлхийн рок хөгжмийн түүхэн дэх хамгийн алдартай төлөөллүүдийн нэг юм.