Афганистанд газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 1400 давлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Афганистанд газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 1400 давлаа

Афганистаны зүүн нутгийг ням гарагийн шөнө хүчтэй газар хөдөлж, амиа алдсан хүний тоо 1400 гаруйд хүрснийг тус улсын түр засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид мягмар гарагт мэдэгдлээ.

Одоогийн байдлаар дөрвөн мужид нийт 3251 хүн гэмтэж бэртэж, 8000 гаруй байшин барилга сүйдээд байна. Афганистаны Улаан хавирган сар нийгэмлэгийн мэдээлснээр аврах ажиллагаа үргэлжилж байгаа ч олон хүн нурангид дарагдсан хэвээр байгаа аж.

Хамгийн их хохирол амссан Кунар мужид гэхэд 1411 хүн амь үрэгдэж, 3124 хүн шархадсанаас гадна 5412 байшин нуржээ. Харин Нангархар, Лагман, Панжшир зэрэг бусад мужийн нөхцөл байдлын тайлан нэгтгэгдэх явцад амиа алдсан хүний тоо улам өсөх магадлалтай байна.

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр газар хөдлөлт орон нутгийн цагаар 23:47 цагт, Жалалабад хотоос зүүн хойд зүгт 27 км-ийн зайд, 8 км-ийн гүнд болжээ. Иргэдийн олонх нь унтаж байсан энэ үед хэд хэдэн тосгон бүрэн сүйджээ.

Кунар муж дахь түр засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Абдул Гани “Олон хүн нурангид дарагдсан хэвээр байгаа тул амиа алдагсдын тоо нэмэгдэх эрсдэлтэй” гэж “Anadolu”-д мэдээлэв.

Афганистаны түр засгийн газар гамшигт нэрвэгдсэн бүс нутагт эмнэлгийн баг, тусламжийн бараа илгээсэн бөгөөд Кабулаас нэмэлт дэмжлэг очиж байгаа аж. Мөн хөрш Пакистан, Иран, Хятад, Энэтхэг зэрэг орнууд болон барууны хэд хэдэн улс Афганистанд тусламж үзүүлэхээ мэдэгдсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй