Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Агаар цэвэршүүлэгчдийн холбоо хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү баримт бичгийн хүрээнд талууд агаарын чанарыг сайжруулах, дотоод орчны агаарын чанарыг удирдах тогтолцоог бүрдүүлэх, мөн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилт тавьж байна.
Санамж бичгийн хүрээнд дараах чиглэлүүдэд хамтран ажиллах юм:
- Агаарын чанарыг удирдах, сайжруулахтай холбоотой технологи болон бодлогын дэмжлэг үзүүлэх
- Агаарын чанартай холбоотой туршилт, хэмжилтийн төв байгуулах
- Агаар цэвэршүүлэгч төхөөрөмж нийлүүлэх замаар дотоод орчны агаарын чанарыг сайжруулах
- Мэргэжилтэн солилцох, сургалт зохион байгуулах
- Хамтарсан судалгаа, мэдээлэл солилцох
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улс болон БНСУ-ын хооронд агаарын чанарыг сайжруулах чиглэлд шинэ шатны түншлэлийг эхлүүлж, хоёр орны байгууллагуудын технологи, бодлогын түвшний уялдааг гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой алхам болж байна.