Тэтгэврийн зээлийн 50:50 өр-орлогын харьцааны бодлогыг эсэргүүцэж буй ахмад настнууд төрийн ордны гадаа суулт хийсний дараа 2025 оны долдугаар сарын 3-нд Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж, шаардлагаа дахин илэрхийллээ. Тэд маргаашийн дотор буюу долдугаар сарын 4-ний дотор асуудлыг шийдвэрлэхгүй бол өлсгөлөн зарлахаа мэдэгдэв.
Ахмадын төлөөлөл хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ:
“Төрийн ордны гадаа суугаад байхад нэг гишүүн ирээд “Та нартаа хайртай, битгий наранд сууж бай. Даралт нь ихсээд үхчихвэл яах юм” гэлээ. Гэтэл шийдвэр гарахгүй байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хандсан. Байнгын хорооны хуралд ч орсон. Харин Монголбанк хараат бус гэдгээр бултаж байна” гэв.
Ахмадуудын үзэж буйгаар 50:50 шалгуур нь бодитоор хэрэгжих боломжгүй. Нэг ахмад зургаан сая төгрөгийн зээлтэй байхад, шинээр зээл авахын тулд түүнийгээ эхлээд төлөх шаардлага тавьжээ.
Ахмадууд дараах гол шаардлагыг тавьж байна:
- Тэтгэврийн зээлийг 100 хувь хүртэл чөлөөтэй авах боломж бүрдүүлэх
- Зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгах
- Зээлд хамрагдах нөхцөлийг зөөлрүүлэх, иргэдийн амьдралд нийцүүлсэн бодлого боловсруулах
Тэд хэлэхдээ:
“Бид зээлийн хүүг бууруулахыг ч, зээлийг тэглэхийг ч шаардаагүй. Зүгээр л амьдралд нийцтэй, зээл авах боломжоор ханга” хэмээн мэдэгдэв.
Одоогоор есөн ахмад өлсгөлөн зарлахад бэлэн болсон бөгөөд 21 аймаг, 330 сумаас тэмцэлд нэгдэх олон ахмад бэлэн байгааг тэд анхааруулав.
Мөн тэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан:
“Та ард түмнийхээ төлөө чөмгөө дундартал зүтгэнэ гэж хэлсэн. Ахмадуудын төлөө одоо зүтгээч. Бид тэвчсэн. Амьд явах эрхээ л хамгаалж байна” гэж уриаллаа.
Хүний эрхийн үндэсний комиссоос “дөрвөн ахмад тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг” гэх судалгаанд ахмадууд эргэлзэж буйгаа илэрхийлж, өөрсдийгөө гүтгүүлж байна хэмээн үзэж байгаа аж.
Мөн тэд долоо хоногийн Лхагва гариг бүрт Монголбанкнаас мэдээлэл өгнө гэсэн ч хүлээсээр наадам тулж, асуудал шийдэгдэхгүй байгаад бухимдаж байна. Тиймээс Монголбанк, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох албан тушаалтнуудтай маргааш уулзах шаардлагатай хэмээн мэдэгдлээ.