Өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д ахмадууд тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийж, өөрсдийн дуу хоолойг илэрхийллээ. Тэд “Монголын ахмадууд гуйлгачин биш, эх орныхоо төлөө тэмцэгчид” хэмээн онцолж, хэд хэдэн шаардлага тавьсан юм.
Ахмадуудын хэлснээр, өнөөдөр тэтгэвэр нь өдрийн хэрэгцээг хангахгүй байгаагаас амьдрал нь улам доройтож, ач, зээ нартаа бэлэг авч өгөх ч боломжгүй болсон байна. Тэд тэтгэврийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, хамтран зээлдэгчийн шаардлагыг зөөлрүүлэх нь зайлшгүй хэрэгтэй гэж үзэж байна.
Мөн тэд төр засаг ахмадуудын асуудлыг сонсохгүй, арилжааны банкууд өндөр хүү, дарамтаар шахаж буйг шүүмжилж, “Өвөө, эмээ нар өлсөж, уйлж, өвдөж байна. Энэ бол тоо биш, амьдралын эрхээ хүүнд тавьсан хүмүүсийн зовлон” гэв.
Ахмадууд үг хэлэхдээ зарим төрийн түшээдийн хэлсэн үгсийг эргэн сануулж, бодит амьдралаас тасархай байр суурьтай хандлага гаргаж байгааг шүүмжилсэн юм. Тухайлбал, Сангийн сайд Б.Жавхлангийн “Ахмадууд 350,000 төгрөгөөр хангалттай амьдарна” гэх мэдэгдлийг бодит үнэ ханш, байр, түрээсийн зардалтай нийцэхгүй гэж тэмдэглэв. Мөн тэтгэврийн зээлийн хугацааг сунгах нь инфляц үүсгэнэ гэсэн байр суурийг ч ахмадууд эсэргүүцэв.
Тэдний хэлснээр, Монголд нийт 281,200 ахмад тэтгэврийн зээлтэй бөгөөд энэ нь хүн амын найм хүрэхгүй хувийг эзэлж байгаа ч тухайн тоо бүр ард нь бодит зовлон бүхий хүн амьдарч байна. Увс аймгийн 100 жилийн ойд 1.2 тэрбум төгрөг зарцуулсан жишээг дурдан, төрийн зүгээс мөнгийг тансаглалд бус, ахмадуудаа дэмжихэд зарцуулах ёстойг онцлов.
Ахмадууд дараах шаардлагыг тавьж байна:
- Тэтгэврийн доод хэмжээг ₮1,500,000 болгох
- Тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь хүртэл бууруулах
- Зээлийн хугацааг 36 сар болгох, дараагийн сард нь шинэ зээл олгох
- Давхар хүүнд өндөр шимтгэл тооцохыг зогсоох
- Тэтгэврийн зээлийг хэрэглээний зээл бус онцгой ангилалд оруулах хууль батлах
Тэд энэ өөрчлөлтийг УИХ яаралтай хийх ёстой бөгөөд эрх мэдэл нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд байгаа гэдгийг онцлон тэмдэглэлээ.