Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, тэтгэврийн зээл олгоход өр, орлогын харьцааг 50/50 хувь байхаар шийдвэрлэсэн нь олон ахмадын бухимдлыг төрүүлээд байна. Тус шийдвэрийг эсэргүүцсэн ахмадууд өнөөдөр Монголбанкны байрны гадаа жагсаал зохион байгуулж, өөрсдийн байр суурийг илэрхийллээ.
Жагсаалд оролцогчдын нэг төлөөлөл ийнхүү байр сууриа илэрхийлэв:
“Би нэг сая төгрөгийн тэтгэвэр авдаг. Банкнаас тэтгэврийн зээл авахад 36 сарын хугацаатай өгдөг байсан. Энэ хумигдсанаас болж миний бүх зүйл зогссон. Аж ахуй эрхэлж байгаа олон ахмадууд ч ялгаагүй хүнд байдалд орсон. Монголбанк судалгаа хийлгүй шууд хориг тавьж, ахмадуудын амьдралыг боомилж байна. Бид тэтгэврээ нэм гэж гуйгаагүй. Харин тэтгэврийн зээлээ 100 хувь, урт хугацаатай, хүү багатайгаар олгооч гэж хүсэж байна.”
Ахмадуудын зүгээс Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудыг УИХ-ын гишүүдтэй уулзаж, энэхүү шинэ шийдвэрийн үр нөлөө, иргэдэд үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаар ярилцаж, зохих арга хэмжээ авахыг хүсэж байна гэдгээ мэдэгдсэн юм.
Мөн жагсагчид Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн өмнө нь хэлсэн “Ахмадын тэтгэврийн зээлийг тэглэснээс болж Монголбанк өрөнд орсон” гэсэн мэдэгдэлд бухимдаж байгаагаа илэрхийлж, “бид хэзээ ч тэтгэврээ тэглүүлээч гэж гуйгаагүй” хэмээн мэдэгдэв.