Ахмадууд тэтгэврийн хэмжээ бага байна, тэгэхээр нэмэх хэрэгтэй гэж олон жил шаардсаар ирсэн. Үүний дагуу тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмэх шийдвэрийг Засгийн газар гаргасан бөгөөд энэ онд 6 хувиар, ирэх онд 10 хувиар нэмэгдэх магадлалтай. Ирэх оны эхэнд инфляц 10 хувь байх урьдчилсан тооцоог Төв банк хийсэн байна.
Тэгвэл энэ жилээс зарим ахмад тэтгэврээ бүтэн зээлж авах шаардлагыг тавьж эхэлсэн. Тэтгэврийн зээл энэ оны «моод» сэдэв болж, зарим улс төрчид энэ асуудлыг дахин дахин хөндөж, богино настай улс төр хийж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ сарын 23-нд байнгын хорооны хуралдаанд үг хэлэхдээ, «Ахмадууд хэдэн төгрөг аваад зээлээ төлөх нь та нарт ямар хамаатай юм» гэж хэлсэн нь тэднийг өдөөн турхирав. Түүний үгсийн дараа ахмадууд жагсаал зохион байгуулах гэж байна.
Тэгвэл Монголбанкны Мөнгөний бодлогын хороо тэтгэврийн зээлийн өр орлогын харьцааг 50:50 болгох шийдвэрийг энэ сарын 15-наас хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь ахмадууд тэтгэврийнхээ талыг авч, үлдсэн хэсгээрээ зээл авах зохицуулалттай болсон. Энэ шийдвэрийг Төв банк зохицуулах шаардлагатай гэж үзжээ. Учир нь тэтгэврийн зээл 2022 онд 500 тэрбум төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 1.8 их наяд төгрөгт хүрч огцом өссөн байна.
Ахмадууд өөрсдөө зээл авахгүй, харин үр хүүхдүүд нь зээл авч, гэрийн хэрэглээнд зарцуулж байгааг судалгаагаар илрүүлсэн байна. Үүнээс үүдэн инфляци үүсч, өргөн хэрэглээний барааны үнэ өсч, төгрөгийн ханш буурдаг.
Энэ бүх асуудал инфляц, ханш өсгөдөг бөгөөд банкуудын тогтвортой байдалд нөлөөлдөг тул энэ асуудал зөвхөн ахмадуудын хэрэг биш, бүх хүнд хамаатай.