AI ашигтай ч бас аюултай: Цахим залиланд өртөх эрсдэл нэмэгдэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
AI ашигтай ч бас аюултай: Цахим залиланд өртөх эрсдэл нэмэгдэв

Хиймэл оюуны хөгжлийн ачаар хүмүүсийн өдөр тутмын амьдрал илүү хялбар болж байгаа ч үүнийг гэмт этгээдүүд өөрийн зорилгод ашиглах нь олширлоо. Нийгмийн сүлжээн дэх таны мэдээллийг боловсруулж, сонирхол, амьдралын хэв маяг, хүүхдийн сургууль, сугалаа, тоглолтод оролцдог эсэх зэрэг бүхнийг хиймэл оюунаар нарийвчлан судалж, таныг залилангийн бай болгож байна.

Хуурамч дүрс бичлэгээр төөрөгдүүлэх нь

Deepfake технологи ашиглан бодит мэт дүрс бүтээх арга түгээмэл болсон. Сүүлийн үед Парисын цамхаг шатаж буй тухай хуурамч видео, Санзайд үлэг гүрвэлийн өндөг өсөж томорсон гэх зураг олныг төөрөгдүүлжээ. Иймэрхүү мэдээлэл хүмүүсийг сэтгэл хөдлөлөөр татаж, үнэн мэт итгүүлдэг.

Дуу хоолойгоор хуурах эрсдэл

AI нь зөвхөн дүрс бус дуу хоолойг ч яг адилхан дуурайдаг болсон. Луйварчид энэ аргыг ашиглан хүүхэд, эцэг эхийн тань нэрээр дуудлага хийж, тусламж гуйх, мөнгө шаардах зэрэг үйлдэл гаргаж байна. McAfee-ийн судалгаагаар 7000 хүн тутмын 1 нь ийм төрлийн хуурмаг дуут мессежинд хууртажээ.

Хувь хүнд чиглэсэн цахим залилан

Хиймэл оюун ухааныг ашиглан тухайн хүний мэдээлэлд тулгуурласан, зөвхөн тэр хүнд зориулсан залилан өрнүүлдэг болжээ.

  • Азтан боллоо гэх худал зурвас
  • Санхүүгийн мэдээлэл нэхэх оролдлого
  • Хуурамч данс нээх, зээл хүсэх зэрэг нь түгээмэл байна.

Үнэгүй зүйл зөвхөн хавханд байдгийг мартаж болохгүй.

Өгөгдлөө хамгаалах нь хамгаалалт

2020 онд залилах гэмт хэрэг 4,270 бүртгэгдэж байсан бол 2024 онд энэ тоо 15,889 болж өссөн байна. Зөвхөн Улаанбаатарт ийм гэмт хэрэг дөрөв дахин нэмэгджээ. Хохирогчдын ихэнх нь мэдээллээ ил тод тавьдаг, технологийн мэдлэг муутай хүмүүс байгаа нь судалгаагаар тогтоогдсон.

Яаж сэргийлэх вэ?

  • Нийгмийн сүлжээнд хувийн мэдээллээ бүү дэлгэ.
  • Сэжигтэй дуудлага, мессежийг баталгаажуулж шалга.
  • Хоёр шатлалтай баталгаажуулалт хэрэглэ.
  • Хуурамч мэдээлэлд итгэхээсээ өмнө лавлаж, “Энэ үнэн үү?” гэж асууж сур.
  • Ахмад, хүүхдүүдэд цахим орчинд болгоомжтой байхыг тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй.

Хиймэл оюун ухаан бидэнд дэвшил авчирч буй ч түүнийг буруу ашиглахад амьдралд томоохон эрсдэл бий болдог. Хүн бүр сэрэмжтэй байж, цахим залиланд өртөхгүй байх хамгаалалтаа өөрөө бий болгох шаардлагатай.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй