Home Нийгэм “Алдарт эх” одонгийн эзнээр Монгол Улсын хоёр сая дахь иргэн тодров!

“Алдарт эх” одонгийн эзнээр Монгол Улсын хоёр сая дахь иргэн тодров!

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“Алдарт эх”

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Алдарт эх”-ийн одон гардуулдаг уламжлал ёсоор энэ жил 14,480 ээж энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж байна. Тэдний дунд олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан нэгэн бол Монгол Улсын хоёр сая дахь иргэн Л.Хосбаяр байлаа.

Монголын түүхэн иргэн “Алдарт эх” боллоо

Монгол Улсын хүн амын түүхэн тооллогын бэлгэдэл болсон хоёр сая дахь иргэн Л.Хосбаяр “Алдарт эх”-ийн одонгоо гардан авахдаа гүн сэтгэлийн үг хэлжээ:

“Маш сайхан байна. Энэ хорвоод төрүүлж өсгөсөн ээждээ баярлалаа. Одон авахдаа Ерөнхийлөгчийн хэлж байгаа үгийг сонсоод их догдолж, сэтгэл их хөдөлсөн. Өнөөдөр одонгоо авч байгаа ээжүүддээ баяр хүргэж, аз жаргал хүсье. Хүүхэд бүхэн, ээж бүхэн дандаа аз жаргалтай байж, нүднээс гарах нулимс нь зөвхөн аз жаргалынх байгаасай гэж хүсэж байна.”

Сэтгүүлзүйн салбарын эмэгтэй манлайлагч “Алдарт эх” болов

Мөн өнөөдөр “Цахиур.мн” сайтын Ерөнхий эрхлэгч Ц.Анхзул “Алдарт эх” цол тэмдгээр шагнуулсан юм. Дөрвөн хүүхдийн ээж тэрбээр энэ өдрийг бахархалтайгаар хүлээн авсан тухайгаа дараах байдлаар илэрхийлжээ:

“Эмэгтэй хүн болж төрсний, эх хүн болсны, дөрвөн сайхан үр хүүхэдтэй болсны бахархам сайхан өдөр тохиож байна. Өмнө нь одон авч буй ээж нарыг хажуугаас нь хараад л хоолой зангираад байдаг байсан. Өнөөдөр өөрөө авах их сайхан байна.

Төр засаг, Ерөнхийлөгч маань Монгол Улсынхаа хүн амыг өсгөх, ирээдүйн үр хүүхдүүдийг зөв сайхан хүн болгохын тулд гэр бүлийг дэмжиж, ээжүүдийг алдаршуулан хүндэтгэж байгаад үнэхээр их сэтгэл хөдөлж байна.

Энэ жил одон авч буй бүх ээждээ баяр хүргэе. Монголын бүх гэр бүлүүдэд аз жаргал сайн сайхныг хүсье. Гэр бүл, үр хүүхдээ санаа амар үлдээгээд ажлаа хийх боломжийг олгож байгаа хүн бол хань маань. Ханьдаа маш их баярлалаа. Хоёулангийнх нь одон шүү гэж хэлье. Биднийг үргэлж дэмжиж, тусалж байгаа ээж аав, хамт олон, найз нөхдөдөө, салбарынхандаа, мэдээлэл хүлээж авдаг хүн бүхэнд баярлалаа.”


Ээжүүдийг үнэлсэн төрийн хүндэтгэл

“Алдарт эх”-ийн одон нь зөвхөн олон хүүхэд төрүүлж өсгөсөн эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг үнэлэх бус, гэр бүл, хүн амын өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд төрөөс үзүүлж буй хамгийн өндөр түвшний хүндэтгэл юм. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг энэхүү ёслол нь ээжүүдийг урамшуулах, тэдэнд талархал илэрхийлэх үйл явдал төдийгүй нийгмийн талархлын илэрхийлэл болсоор байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.