Table of Contents
Вашингтон, 2026 оны нэгдүгээр сарын 9
Google-ийн толгой компани Alphabet зах зээлийн үнэлгээгээр 3.88 их наяд ам.долларт хүрч, сүүлийн долоон жилийн хугацаанд анх удаа Apple-ыг гүйцэж түрүүллээ. Үнэлгээ өсөхөд Google хиймэл оюуны технологид асар их хөрөнгө төвлөрүүлж буй явдал, харин Apple-ийн хувьцааны үнэ суларсан нь голлон нөлөөлсөн байна.
Зах зээлийн үнэлгээний шинэ эрэмбэ
Нэгдүгээр сарын 7-ны өдрийн арилжааны дүнгээр Google-ийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 3.88 их наяд ам.долларт хүрсэн бол Apple-ийн үнэлгээ 3.84 их наяд ам.доллар болсон гэж мэдээлжээ.
Хувьцааны хөдөлгөөн ба шинжээчдийн тайлбар
Нэг өдрийн дотор Google-ийн хувьцааны үнэ 2 хувиас дээш өссөн байна. Харин Apple-ийн хувьцаа сүүлийн таван хоногт 4 хувиас давж буурчээ. Шинжээчид энэ өөрчлөлтийг Google хиймэл оюун ухаанд түрүүлж, идэвхтэй хөрөнгө оруулалт хийж буйтай, харин Apple энэ чиглэлд удааширсантай холбон тайлбарласан байна.
2025 онд Google-ийн үзүүлсэн өсөлт
2025 онд Google АНУ-ын хөрөнгийн зах зээл дээр хамгийн амжилттай компаниудын нэгээр нэрлэгдэж байв. Тус компани хиймэл оюунд чиглэсэн Ironwood нэртэй шинэ чипээ танилцуулж, мөн хиймэл оюуны шинэ “Gemini 3” загвараа гаргасан байна. Өнгөрсөн онд Google-ийн хувьцаа 65 хувиар өссөн нь 2009 оноос хойших хамгийн өндөр өсөлт болжээ.
Үүлэн технологи ба томоохон гэрээнүүд
Үүлэн технологийн бизнес нь компаниуд өндөр өртөгтэй тоног төхөөрөмж худалдан авахын оронд интернэтээр дамжуулан сервер, программ хангамж, өгөгдөл хадгалах нөөцийг ашиглах шийдэл юм. Энэ загвар нь байгууллагуудад уян хатан ажиллах, зөвхөн хэрэглэсэн хэмжээгээрээ төлөх, хэрэгцээндээ тааруулан хурдан тэлэх боломж олгодог. 2025 оны эхний есөн сарын хугацаанд Google үүлэн үйлчилгээний чиглэлээр 1 тэрбум гаруй ам.долларын үнийн дүнтэй томоохон гэрээнүүд байгуулсан нь өмнөх хоёр жилийн нийлбэрээс ч давсан үзүүлэлт болсон байна.
Apple хиймэл оюуны өрсөлдөөнд удааширч байна
Apple компанийн хувьд 2022 оны сүүлчээр ChatGPT гарснаас хойш хурдтай өрнөсөн хиймэл оюуны өрсөлдөөнд идэвх сул хэвээр байгааг ажиглагчид онцолж байна. Тус компани хиймэл оюунд суурилсан Siri-ийн шинэ хувилбарыг 2025 онд танилцуулахаар төлөвлөж байсан ч 2026 он руу шилжүүлжээ.