Альпийн нуруунаас олдсон олдвор эртний бичиг үсгийн талаарх ойлголтыг орвонгоор нь эргүүлэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Альпийн нуруунаас олдсон олдвор эртний бичиг үсгийн талаарх ойлголтыг орвонгоор нь эргүүлэв

Германы Саарландын их сургуулийн эрдэмтэд 40 мянган жилийн настай сийлбэр, тэмдэглэгээнүүдийг судалсны үндсэн дээр эртний хүмүүс биднээс дутахааргүй оюун ухаантай байсан гэх дүгнэлтэд хүрчээ. Судлаачид 1860-аад оны үед Швабийн Альпийн нурууны агуйнуудаас олдсон 260 гаруй олдворт компьютерын загварчлал болон машин сургалтын (machine learning) технологи ашиглан нарийвчилсан шинжилгээ хийсэн байна.

Энэ талаар phys.org сайтаас эш татан Medee.news мэдээллээ.

Судалгаанд хамрагдсан олдворуудын дунд 34,000-аас 45,000 жилийн настай ясан лимбэ, олс болон хувцас хийх хэрэгсэл, хүн төрхт барималууд багтжээ. Эдгээр эд өлгийн зүйлс дээр цэг, зураас, хэрээс зэрэг геометрийн дүрсүүд олноор давтагдан сийлэгдсэн байв.

“Эдгээр олдворууд нь Homo sapiens буюу орчин үеийн хүн төрөлхтөн Африкаас гарч, Европт суурьшин Неандертальчуудтай нүүр тулж байсан тэр үед хамаарна” гэж Берлиний Сурвалж бичиг, эртний түүхийн музейн археологич Ева Дуткевич тайлбарлажээ.

Эрдэмтэд эдгээр 3,000 орчим дүрсийг МЭӨ VI мянган жилийн дунд үед хамаарах Шумерын шавар самбар дээрх тоо бүртгэлийн тэмдэглэгээ болох протоклинопись (proto-cuneiform) буюу анхны шаантаг бичигтэй харьцуулан судалжээ. Ингэхэд бэлгэдлийн хэлбэр, байршил, давтамжийн хувьд ижил төстэй зүй тогтол илэрсэн байна.

Судалгааны багийн ахлагч Кристиан Бенц “Би өөрийн нүдэнд ч итгээгүй. Миний төсөөллөөр 40 мянган жилийн настай ул мөрүүд эртний Месопотамийн шаантаг бичгээс хөгжлийн хувьд тэс өөр, анхны шатандаа байх ёстой гэж бодож байлаа” хэмээн ярьжээ.

Гэвч эртний сийлбэрүүд нь мэдээллийн багтаамж болон нарийн төвөгтэй байдлын хувьд Шумерын бичээстэй ижил түвшинд байсан нь тогтоогджээ. Мальта улсын их сургуулийн археологич Хью Гроукаттын үзэж байгаагаар, эдгээр дүрсүүд нь бүрэн хэмжээний бичиг үсэг болоогүй ч тодорхой утга агуулж байсан нь тодорхой байна. Тухайлбал, цаг агаарын ажиглалт, сарны фаз, хүүхэд төрсөн огноог тэмдэглэх, мал сүргийн бүртгэл хөтлөх, хамтын агнуур хийх болон үл мэдэх газар нутагт зүг чигээ олоход ашигладаг байсан байх магадлалтай гэнэ.

Товчхондоо, энэ нь бичиг үсэг үүсэхээс бүр өмнө чухал мэдээллийг тэмдэглэн үлдээх, хадгалах, дамжуулах тогтолцоо байсан бөгөөд эртний хүмүүсийн танин мэдэхүйн чадвар Шумерчуудтай дүйцэж байсныг илтгэж байна. Харин эдгээр тэмдэглэгээнүүд яагаад төгс бичиг үсэг болон хөгжөөгүй вэ гэдгийг эрдэмтэд “Тухайн үеийн хүмүүсийн хэрэгцээг хангахад энэ систем хангалттай байсан” гэж тайлбарлаж байна.

“Орчин үеийн хүмүүс Африкаас нүүдэллэн дэлхий даяар тархахдаа л өнөөгийн бидэнтэй ижил түвшний оюун ухааны чадамжтай байсан бололтой” хэмээн Кристиан Бенц дүгнэжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй