Баянхошуу, Тахилт, Алтан-Овоо, Улаанчулуут, Баруун салаа зэрэг нийслэлийн алслагдсан хороодод дулаан автобусны буудлууд шинээр байршуулжээ. Эдгээр буудлуудыг автобус ховор ирдэг, зорчигчид удаан хугацаанд хүлээдэг байршлуудад суурилуулсан байна.
Сонгинохайрхан дүүргийн холбогдох албаныхны мэдээлснээр, энэ онд нийт 17 хорооны 24 байршилд дулаан автобусны буудлыг байршуулсан бөгөөд зорчигчдын ая тух, аюулгүй байдлыг сайжруулах зорилготой аж.
Шинээр байршуулсан буудлууд нь дулаан халаалт, гэрэлтүүлэг, камержуулалттай бөгөөд өвлийн улиралд иргэдийг хүйтнээс хамгаалах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
 
			         
														 
	