Алтны ханш сүүлийн таван жилд байгаагүйгээр огцом унав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Алт-3

2025 оны аравдугаар сарын 21-ний мягмар гарагт алтны үнэ 2020 оноос хойш анх удаа ийм хүчтэй бууралтыг үзүүллээ. АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ бууруулсантай зэрэгцэн эрсдэл багатай хөрөнгө рүү хөрөнгө оруулагчид хошуурсан нь алтны үнэд дарамт учруулсан байна.

Өнгөрсөн даваа гарагт буюу 2025 оны 10-р сарын 20-нд нэг унц алт 4,381.21 ам.долларт хүрч, энэ он гарснаас хойш 60 хувиар өсөөд байсан юм. Гэвч өдгөө /2025.10.22/ нэг унц алт 4,092 ам.доллар болж 5.76 хувиар буураад байна. Хөрөнгө оруулагчид ашгаа бэлэн мөнгөөр авахын тулд их хэмжээгээр алт зарахаар шийдсэн нь энэ уналтад голлон нөлөөлжээ.

Бие даасан металл арилжаачин Тай Вонг “Өмнөх өдрүүдэд алтны ханш бага зэрэг буурахад хөрөнгө оруулагчид худалдан авалт хийснээр үнэ дахин өссөн. Гэвч түүхэн дээд түвшинд хүрсэн алтны үнэ сүүлийн долоо хоногт маш хурдан савлаж байгаа нь анхаарал татах дохио юм. Энэ нөхцөл байдал нь богино хугацаанд ашиг олох зорилготой арилжаа хийхийг өдөөж болзошгүй” хэмээн онцоллоо.

“Citi” компанийн шинжээчдийн үзэж буйгаар АНУ-ын засгийн газар тэг зогсолтын асуудлыг ойрын хугацаанд шийдэх төлөвтэй бөгөөд Хятад, АНУ хоёр худалдааны хэлэлцээрийн талаарх мэдэгдэл хийхээр төлөвлөж байгаа нь алтны үнийг ирэх долоо хоногуудад дахин өсгөж болзошгүй байна.

Товчлон хэлбэл:

  • АНУ бодлогын хүүгээ бууруулсан нь алтны зах зээлд нөлөөлөв.
  • Хөрөнгө оруулагчид ашгаа авахын тулд алт ихээр заржээ.
  • Шинжээчид алтны үнэ дахин өсөх боломжтой гэж үзэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй