Америкчуудын дөрөвний нэг нь л Иранд өгсөн цэргийн цохилтыг дэмжиж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Америкчуудын дөрөвний нэг нь л Иранд өгсөн цэргийн цохилтыг дэмжиж байна

АНУ-аас Иранд өгсөн цэргийн цохилтын улмаас тус улсын дээд удирдлагууд амь үрэгдсэн үйл явдлыг америкчуудын ердөө 27 хувь нь сайшааж байгааг Reuters/Ipsos-ийн хамтарсан судалгаа харууллаа. Судалгаанд оролцогчдын 43 хувь нь уг ажиллагааг эсэргүүцэж байгаа бол 29 хувь нь одоогоор тодорхой байр суурьгүй байна.

Бямба гарагийн өглөө эхэлсэн уг ажиллагааны талаар респондентуудын 90 орчим хувь нь ямар нэг байдлаар мэдээлэл авсан гэжээ. Энэхүү санал асуулгыг АНУ болон Израилийн цэргийн ажиллагааны үеэр, тодруулбал Америкийн тал анхны хохирлоо албан ёсоор мэдээлэхээс өмнө авч дуусгасан байна.

Судалгааны үр дүнгээс үзэхэд америкчуудын 56 хувь нь Ерөнхийлөгч Дональд Трампыг “АНУ-ын ашиг сонирхлын төлөө цэргийн хүч хэрэглэхдээ хэт бэлэн байдаг” гэж үзжээ. Үүнтэй Ардчилсан намынхны 87 хувь, бие даагч сонгогчдын 60 хувь, Бүгд найрамдах намынхны 23 хувь нь санал нэгдсэн байна.

Бүгд найрамдах намын дэмжигчдийн 55 хувь нь уг цохилтыг зөв гэж үзсэн ч тэдний 42 хувь нь “Хэрэв Ойрхи Дорнод дахь Америкийн цэргийн албан хаагчид амь үрэгдэх эсвэл шархдах нөхцөл үүсвэл Ираны эсрэг ажиллагааг дэмжих магадлал багасна” гэдгээ илэрхийлжээ.

Цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Америкийн гурван цэрэг амь үрэгдэж, таван цэрэг хүнд шархадсан нь Ойрхи Дорнод дахь нөхцөл байдлыг улам хурцатгаад байна. Үүний зэрэгцээ Дональд Трампын үйл ажиллагааг сайшаах иргэдийн рейтинг 39 хувь болж буурсан нь өмнөх судалгаатай харьцуулахад нэг хувиар унасан үзүүлэлт юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй