Өглөө бүр 04:00 цагт босч, өндөр үнэтэй рашаанаар нүүрээ угаан, биеийн хүчний бэлтгэлээ ягштал хийдэг цахим од Аштон Холл өдгөө 18 сая гаруй дагагчтай. Тэр саяхан Монгол Улсад ирж, олон нийтийн анхаарлыг татсан бичлэгээ нийтэлснээр дахин олны танил болжээ. «NEWS» агентлагийн зүгээс түүнийг онцолж байна.
Жэксонвиллээс эхэлсэн амьдралын замнал 1995 оны аравдугаар сарын 24-нд АНУ-ын Жэксонвилл хотод төрсөн Аштон бага наснаасаа америк хөлбөмбөг сонирхон өсчээ. «First Coast» ахлах сургуульд сурч байхдаа багийнхаа шилдэг тоглогчдын нэг байсан бөгөөд дараа нь «Alcorn State University»-д элсэн орж, сургуулийнхаа хөлбөмбөгийн багт нэг жил гаруй тоглосон ч онцгой амжилт гаргаж чадаагүй.
Коллежоо төгсөөд NFL-д нэвтрэх гэж хичээж, «Baltimore Ravens», «Indianapolis Colts» багт түр бэлтгэл хийсэн ч мэргэжлийн лигт тоглох боломж олдоогүй. Бага лигт өдөрт 200 ам.долларын орлоготой байсан ч тэр энэ замыг орхихоор шийджээ.
Хямрал ба сэрэлтийн эхлэл Сэтгэлээр унаж, таргалсан, бэлтгэл хийхээ больсон Холл нэг өдөр найзынхаа шүүмжлэлийг сонсоод өөрийгөө өөрчлөхөөр шийдэж, ахлах сургуулийнхаа үеийн зургуудыг харснаар өөрийгөө шинээр эхлүүлэхээр зориг шулуудсан байна.
Цар тахлын үеийн шинэ боломж 2020 онд цар тахал дэгдсэнээр тэр фитнес клубт ажилгүй болж, «ASH Fitness» цахим платформоо нээжээ. Тэнд өдөр тутмын дэглэм, биеийн жингээр хийх дасгал, урам зориг өгөх контент нийтэлж эхэлсэн бөгөөд хүмүүст шударга, илэн далангүй ханддаг нь олны талархлыг хүлээсэн байна.
2022 онд тэр платформоо «Ashton Hall Official» болгон шинэчилж, фитнесээс гадна сэтгэлзүй, сахилга бат, хариуцлагыг багтаасан амьдралын философийг түгээж эхэлжээ.
Өглөөний дэглэмийн амжилт Хамгийн алдартай бичлэгүүдийн нэг нь түүний өглөөний дэглэм бөгөөд:
- 03:52 – сэрэх
- Амны наалт хуулах
- Хүйтэн Саратогагийн усаар нүүрээ шавших
- Амьсгалын дасгал, өдрийн тэмдэг хөтлөх
- 05:00 – дасгал хийх
- Гадилын хальсаар нүүр арчих
Тэрбээр бүх ажлаа нар мандахаас өмнө амжуулдаг бөгөөд TikTok-д нийтэлсэн бичлэгүүд нь анхаарал таталгүй өнгөрсөн ч «Instagram» болон «X» сүлжээнд нийтлэгдсэнээр 770 сая гаруй үзэлттэй болжээ. Зарим хүмүүс түүнийг «токсик эрэгтэй» хэв маягийг сурталчилж байна гэж шүүмжилсэн ч Холл “Энэ бол миний амьдрал. Хүн бүр ингэж амьдрах албагүй” хэмээн тайлбарласан байна.
Сэтгэлзүй – Биеийн хөгжлийн үндэс Аштон Холл бие махбодыг хөгжүүлэхээс өмнө сэтгэл оюунаа хянах ёстой гэж үздэг. Тэр цахим хуудасдаа сэтгэл гутрал, айдас зэргээ илэн далангүй хуваалцаж, дасгал, амьсгалын техник, бичих дадлаар дамжуулан эдгээрийг даван туулсан тухайгаа нийтэлдэг.
“Таны бие бол үр дүн. Харин тулаан бол тархинд чинь явагдаж байна” — Аштон Холл
Одоогийн байдал ба зорилго Аштон Холл өнөөдөр «Instagram»-д 18.1 сая дагагчтай. Түүний нийтлэлүүд фитнес, сэтгэлзүйн эрүүл мэнд, илтгэл, нэмэлт бүтээгдэхүүн зэрэг өргөн хүрээг хамардаг. «WorthySupps» уургийн нэмэлт бүтээгдэхүүний брэндийг үүсгэн байгуулж, сая сая ам.долларын орлого олж байна.
Тэр ирээдүйгээ тодорхойлохдоо: “Би хүмүүст өөрсдийн жинхэнэ хувилбараа олж, түүгээрээ амьдрахад нь туслахыг хүсдэг. Ингэснээр тэд амьдралдаа эзэн болно” гэж ярьсан байдаг.
Аштон Холлын түүх нэг зүйлийг харуулдаг: бүтэлгүйтэл бол төгсгөл биш. Харин шинэ эхлэл болох дохио юм.