Home Улстөр АН-ын бүлэг: Ерөнхий сайд уучлал гуйх нь баатарлаг алхам

АН-ын бүлэг: Ерөнхий сайд уучлал гуйх нь баатарлаг алхам

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ерөнхий

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр чуулганы танхимын үүдэнд мэдээлэл хийлээ.

Тус бүлгийн гишүүд өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаас нэг хоногийн завсарлага авсан боловч өнөөдрийн хуралдаанд мөн оролцсонгүй. Завсарлага авах болсон шалтгаан нь хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэх, Ерөнхий сайдыг нэр бүхий гишүүнээс уучлал гуйхыг шаардахтай холбоотой гэж тайлбарлав.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд хэлэхдээ:
“Өнөөдөр УИХ-ын дарга ард түмний амьдрал хүнд байгааг дурдаж, шийдэх асуудал их байгааг онцолсон. Үүнд бид санал нэг байна. Нэр бүхий гишүүд Ерөнхий сайдаас иргэдийн амьдралын нөхцөл байдлын талаар асуухад тодорхой хариулт өгсөн бөгөөд энэ үгэндээ уучлал гуйх ёстой гэж АН-ын бүлэг үзэж байгаа. Гэтэл УИХ-ын дарга энэ асуудлыг мушгин гуйвуулж, хоёр хувь хүний асуудал мэтээр тайлбарлаж байна” гэв.

Тэрээр цааш нь:
“Уучлал гуйх гэдэг аймшигтай зүйл биш. Парламентын гишүүн ёс суртахуунтай байх ёстой. Уучлал гуйх жишиг тогтоох нь өөрөө баатарлаг үйлдэл юм” гэж онцоллоо.

С.Эрдэнэболд мөн нэр бүхий гишүүн рүү халдсан асуудлыг парламентын дарга “хувь хүний асуудал” хэмээн тайлбарласанд харамсаж буйгаа илэрхийллээ.

“АН-ын бүлэг ажлаасаа ухарч, хурал хаяагүй. Харин парламентат ёсны дархлаа, зарчмыг хамгаалахын тулд завсарлага авсан” хэмээн тэмдэглэв.

АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан:
“Өчигдөр АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, өчигдөр болон өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй байх шийдвэрийг олонхын саналаар гаргасан. Энэ бол УИХ-ын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх, парламентын засаглалыг хамгаалах зорилготой шийдвэр юм” гэв.

Тэрээр цааш нь:
“Баасан гарагт Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ парламентыг үл хүндэтгэж, басамжилсан үг хэлсэн. Энэ нь засаглалын хямралд хүргэх аюултай тул Ерөнхий сайд уучлал гуйх ёстой. Бид энэ байр сууриндаа хатуу хэвээр байна” гэж мэдэгдлээ.

You may also like

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.