Англи, Японд тархсан томуугийн K хэвшинж Монголд батлагдлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Англи, Японд тархсан томуугийн K хэвшинж Монголд батлагдлаа

Томуугийн дэгдэлтийн эсрэг 1.4 тэрбум төгрөг зарцуулна

Томуу, томуу төст өвчин болон амьсгалын замын халдварт өвчний тархалтыг хязгаарлаж, хүндрэл, эндэгдлээс сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхээр боллоо. Үүний хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудын эмч, ажилтнуудыг уртасгасан цагаар ажиллуулах, илүү цагийн хөлс, урвалж оношлуурын зардлыг санхүүжүүлэхэд зориулж Засгийн газрын нөөц сангаас нэг тэрбум 400 сая төгрөг гаргахаар өнөөдөр шийдвэрлэв.

Томуу, томуу төст өвчний тархалтыг бууруулах, өвчлөл эрс нэмэгдэхээс сэргийлэх ажлыг шат дараатай зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагыг уртасгасан цагаар ажиллуулах, шаардлагатай урвалж, оношлуураар ханган, бэлэн байдлыг хангаж ажиллах үүргийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгасан байна.

Дэгдэлт улсын хэмжээнд хяналтын түвшнээс давжээ

Монгол Улсын хэмжээнд тархвар судлалын 47 дугаар долоо хоногийн тандалт, мэдээллээр томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээний дэгдэлтийн түвшинд хүрч, 10 000 хүн амд 96.7 гэсэн үзүүлэлттэй байна. Өвчлөгсдийн 82.6 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа нь хүүхдийн насны бүлэг халдварт хамгийн их өртөж байгааг харуулж байна.

Амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 63.2 хувь нь 0-5 насныхан байгаа нь нэн бага насны хүүхдүүд онцгой эрсдэлтэй байгааг анхааруулж байна. Мөн сүүлийн долоо хоногт томуугийн А(H3N2) вирүсийн дэгдэлт өмнөх үетэй харьцуулахад 32.5 хувиар өссөн нь өвчлөл цаашид нэмэгдэх хандлагатай байгааг илтгэж байна.

A(H3N2) вирүсийн K дэд хэв шинж Монголд илэрсэн нь

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн вирус судлалын лабораторид томуугийн А(H3N2) вирүсийн бүрэн геномын дараалал тогтоох шинжилгээ хийхэд Англи болон Япон улсад сүүлийн үед илэрч буй A(H3N2) subclade K дэд хэв шинжтэй угсраа өөрчлөлт ижил байгааг тогтоожээ.

Мэргэжилтнүүдийн мэдээллээр энэ вирүс цаашид тархалт нэмэгдэх өндөр магадлалтай, ялангуяа хүүхэд болон ахмад настай хүмүүс илүү өртөж, эмнэлгийн ачаалал нэмэгдэх төлөвтэй байна.

Нийслэлд хүүхдийн орны тоог нэмэгдүүлэв

Нийслэлийн хэмжээнд нийт 18 эмнэлэг, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын 2052 орыг хүүхдийн томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээнд зориулан дайчлаад байна. Эмнэлгийн орны зохион байгуулалт, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг өндөр түвшинд байлгах нь ойрын хэдэн долоо хоногт хамгийн чухал зорилт болохыг салбарынхан онцолж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй