Ливийн армийн Жанжин штабын дарга, хурандаа генерал Мухаммед Али Аль-Хаддад болон дагалдан явсан хүмүүсийн суусан жижиг нисэх онгоц Туркийн нутаг дэвсгэрт осолдон сүйрч, хэргийн шалтгааныг албан ёсоор мөрдөн шалгаж эхэлснийг Туркийн Хуульзүйн сайд Йылмаз Тунч мэдээллээ. Түүний хэлснээр, Ерөнхий прокурорын орлогчийн удирдлага дор дөрвөн прокуророос бүрдсэн тусгай баг байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
Радарын холбоо тасарсан мөчөөс эхэлсэн эрэн хайх ажиллагаа
Өчигдөр орой 20:10 цагт Анкара хотын Эсенбога нисэх онгоцны буудлаас хөөрсөн Falcon 50 загварын онгоц 20:52 цагт радарын дэлгэцнээс алга болжээ. Дараах хайгуулын явцад онгоц Анкара хотоос өмнө зүгт ойролцоогоор 70 км-ийн зайтай, Хайман дүүргийн Кессиккавак тосгоны орчим дахь уулархаг бүсэд осолдсон нь тогтоогдсон байна. Байршлыг баталгаажуулсны дараа цагдаа, гал сөнөөгч, эмнэлгийн багууд ослын газарт хүрч ажилласан талаар мэдээлжээ.
Ливийн төрийн шийдвэр: гашуудал, далбаа бөхийлгөх, арга хэмжээг цуцлах
Ослын улмаас хурандаа генерал Мухаммед Али Аль-Хаддад болон түүнийг дагалдан явсан нийт таван хүн амь үрэгдсэнтэй холбоотойгоор Ливийн засгийн газар улс орон даяар гурван хоногийн гашуудал зарласан байна. Энэ хугацаанд төрийн далбааг бөхийлгөж, албан ёсны болон баяр ёслолын бүх арга хэмжээг цуцлахаар болсон бөгөөд тус улс 24-25-ны өдрүүдэд Италийн ноёрхлоос чөлөөлөгдөж, Тусгаар тогтнолоо зарласны 74 жилийн ойг тэмдэглэхээр зэхэж байсан юм.
Ерөнхий сайд Абдулхамид Дибейбе хэлэхдээ “энэхүү осол нь манай улс, зэвсэгт хүчин, бүх ливичүүдийн хувьд хүнд гарз хохирол боллоо. Эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэж, хариуцлага, сахилга батын үлгэр жишээг үзүүлж байсан хүмүүсээ бид алдлаа” гэв.