АНУ-д 43 хоног үргэлжилсэн түүхэн дэх хамгийн урт шатдаун өндөрлөлөө

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
АНУ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп засгийн газрын түр санхүүжилтийг сэргээх хуульд гарын үсэг зурж, федерал байгууллагуудыг 1-р сарын 30 хүртэл дахин ажиллуулах боломжийг бүрдүүллээ. Энэ хугацаанд Конгресс бүрэн хэмжээний төсвийн хууль боловсруулах ёстой гэж CNN мэдээлжээ.

Шинэ баримт бичгээр федерал агентлагуудын санхүүжилт сэргээгдэхийн зэрэгцээ төрийн албан хаагчдын цомхтгол зогсож, шатдаун үргэлжилсэн хугацаанд цалин авч чадаагүй ажилчдад нөхөн олговор олгохоор тусгасан байна. Мөн шатдаунаас үүдэн өөрийн хөрөнгөөр зардлаа нөхсөн мужуудад нөхөн төлбөр олгохоор болжээ.

Хуульд зардлын хяналтыг чангатгах тусгай заалт ороогүй ч Пентагонд өмнө нь батлагдаагүй шинэ цэргийн хөтөлбөрүүдийг эхлүүлэхийг хориглосон байна. Энэхүү хууль нь өргөн хүрээний төсвийн төлөвлөгөө боловсруулах суурь баримт бичиг болох юм.

АНУ-ын засгийн газрын энэ шатдаун нийт 43 хоног үргэлжилсэн нь тус улсын түүхэнд хамгийн урт хугацааны зогсолт болж бүртгэгдлээ. Үүний шалтгаан нь Обamacare болон Medicaid хөтөлбөрүүдийн санхүүжилттэй холбоотойгоор Бүгд Найрамдах болон Ардчилсан намуудын зөрчилдөөн байсан юм.

Шатдаун үргэлжилсэн хугацаанд АНУ-д өдөр бүр мянга гаруй нислэг цуцлагдаж, ядуу иргэдэд хүнсний талоны олголт зогсож, мянга мянган төрийн албан хаагч цалингүй эсвэл ажлаасаа халагдсан байв.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй