Table of Contents
Баасан гарагаас хойш дөрөв дэх өдрөө үргэлжилж буй Лос-Анжелес хотын үймээн самуун хурцдаж, нөхцөл байдал улам хүндэрч байна. Энэхүү эсэргүүцэл нь холбооны цагаачлалын албаныхан тус хотод хууль бус цагаачдыг олноор нь баривчилсантай холбоотойгоор дэгдсэн юм.
Бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп холбооны зэвсэгт хүчнээс 2,000 алба хаагчийг Лос-Анжелест илгээсэн нь улс төрийн хямралыг дагуулж, маргаан дэгдээсэн. Үүний дараа Пентагон Даваа гарагт дахин 700 тэнгисийн явган цэргийн алба хаагчийг нэмж байрлуулах шийдвэр гаргалаа.
Холбооны болон орон нутгийн удирдлагуудын зөрчил
Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом болон Лос-Анжелес хотын захирагч Карен Басс нар уг шийдвэрийг эсэргүүцэж, холбооны засгийн газар цэргийн хүч илгээх шаардлагагүй гэж үзэж байна. Тэд орон нутгийн цагдаагийн байгууллагын хүчин чадал хангалттай гэж мэдэгдсэн.
АНУ-ын хууль ёсны дагуу холбооны цэргийн хүчийг мужийн нутаг дэвсгэрт байрлуулахын тулд тухайн мужийн захирагчийн хүсэлт шаардлагатай байдаг ч энэ удаа ийм хүсэлт гаргаагүй.
1965 онд ерөнхийлөгч Линдон Жонсон Алабама мужид Үндэсний Гвардын цэргүүдийг мужийн захирагчийн зөвшөөрөлгүйгээр илгээж байсан нь энэхүү ховор тохиолдлын нэг жишээ юм.
Трамп vs Ньюсом: Улс төрийн сөргөлдөөн ил тод болов
Ерөнхийлөгч Трампын шийдвэр нь Ардчилсан намын удирдагчидтай зөрчилдөөн үүсгэж, улс төрийн хямрал гүнзгийрч байна. Захирагч Ньюсом холбооны цэргийн оролцоог эсэргүүцэж, хэд хэдэн удаа тэднийг буцаан татахыг уриалсан бөгөөд эцэст нь Трампыг шүүхэд өгнө хэмээн анхааруулсан.
Хариуд нь Трамп “Хэрвээ би Томын оронд байсан бол түүнийг баривчлах байсан. Үүнийг гайхалтай санаа гэж би бодож байна” хэмээн Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэр мэдэгдсэн юм. Энэ нь Ньюсомыг баривчлах тухай санаачилгыг дэмжиж буйг илэрхийлсэн анхны тохиолдол биш бөгөөд Бямба гарагт АНУ-ын хилийн хамгаалалтын агентлагийн захирал Том Хоман Ньюсомыг баривчлах шаардлагатай хэмээн мэдэгдэж байв.
Трамп Даваа гарагийн орой Ньюсомын талаар дахин хатуу байр суурь илэрхийлсэн. Тэрбээр:
“Түүний Калифорнид хийж буй ажлыг хар л даа. Тэр манай аугаа мужуудын нэгийг сүйрүүлж байна. Бид хууль дүрэм, дэг журам тогтоож чаддаг байх ёстой” гэж хэлжээ.
Ирээдүйн ерөнхийлөгчийн сонгууль руу чиглэсэн тэмцэл үү?
Калифорни мужийг удирдаж буй Гэвин Ньюсом нь Ардчилсан намын хамгийн нэр нөлөө бүхий улс төрчдийн нэг бөгөөд 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлалтай хэмээн үздэг. Харин Дональд Трамп гурав дахь удаагаа сонгуульд өрсөлдөх санааг аль хэдийнээ ил цухуйлгасан билээ.
Тиймээс энэхүү зөрчил нь хоёр улс төрчийн ирээдүйн өрсөлдөөний эхлэл ч байж мэдэх юм.
АНУ-ын хамгийн нөлөө бүхий муж ба хот
- Калифорни нь хүн ам, эдийн засгийн хэмжээгээр улсдаа тэргүүлдэг. Дэлхийн эдийн засагт дөрөвдүгээрт жагсах хэмжээтэй хүчирхэг бүс нутаг юм.
- Лос-Анжелес хот нь Нью-Йоркийн дараа орших хоёр дахь том метрополис бөгөөд олон нийтийн эсэргүүцэл, цагаачлалын асуудал зэрэг улс төрийн халуун цэг болж байна.
