АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын удирдлагын үед Ираны эсрэг авсан хамгийн өргөн хүрээтэй хориг арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн талаар тус улсын Сангийн яам мэдэгдлээ. Энэхүү хориг нь Ираны эрх баригчдын санхүүгийн нөлөөг бууруулах зорилготой бөгөөд дэлхий дахинд өрнөж буй хүчний тэнцвэрт байдалд шинэ алхам болж байна.
Шинэ багцын хүрээнд Ираны Дээд удирдагчийн зөвлөх Али Шамхани, түүний хүү Мохаммед Хоссейн Шамхани болон тэдэнтэй холбоотой 50 гаруй хувь хүн, байгууллагыг АНУ-ын хоригийн жагсаалтад багтаасан байна. “Энэ өдөр хэрэгжиж эхэлж буй 115 гаруй хориг арга хэмжээ нь Трампын засаг захиргааны Иранд шахалт үзүүлэх стратегийн хүрээнд хийгдсэн хамгийн том алхам болж байна. Эдгээр нь одоо ч ашиг орлого олсоор байгаа Тегераны дэглэмийн өндөр албан тушаалтнуудад хамааралтай” гэж АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент мэдэгдэв.
Гадаад хөрөнгийг хянах газрын мэдээлснээр, Мохаммед Хоссейн Шамхани нь Иран, Оросоос түүхий тос, газрын тосны бүтээгдэхүүн болон бусад барааг олон улсын зах зээлд нийлүүлэх зорилготой, олон арван танкер, чингэлэг тээврийн хөлөг онгоц бүхий флотыг байгуулах, удирдах ажиллагаанд шууд оролцож иржээ.
Сангийн сайд С.Бессент энэхүү сүлжээг “Шамханий гэр бүлийн далайн тээврийн эзэнт гүрэн” хэмээн тодорхойлж, “Энэ тогтолцоо нь Ираны дээд түвшний эрх мэдэлтнүүд албан тушаалаа ашиглан асар их хөрөнгө хурааж, улмаар улс төрийн дэглэмийнхээ аюултай үйл ажиллагааг санхүүжүүлэхэд чиглэж байна” гэж онцолсон юм.