АНУ Монгол зэрэг 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Трамп

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп цагаачлалын бодлогодоо томоохон өөрчлөлт оруулж, дэлхийн 75 орны иргэдэд цагаачлалын виз олгох үйл явцыг тодорхойгүй хугацаагаар царцаах шийдвэр гаргалаа. Энэхүү шинэ журам нь 2026 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх бөгөөд АНУ-ын засгийн газрын халамжийн сангаас хамааралтай болж болзошгүй гэж үзсэн иргэдийг голчлон онилж байгаа юм байна.

Энэхүү “хар жагсаалтад” Монгол Улс албан ёсоор багтсан бөгөөд үүнээс гадна Орос, Казахстан, Беларусь, Египет, Сомали зэрэг Ази, Европ, Африк, Ойрх Дорнодын олон улс орнууд багтжээ. Цаашид эдгээр орны иргэд АНУ-ын цагаачлалын виз авахын тулд өөрийн ур чадвар, нөөц бололцоо нь “Америк нэгт” бодлогод хэрхэн нийцэх болон тус улсын үндэсний ашиг сонирхлыг хэрхэн урагшлуулахыг онцгойлон нотлох шаардлагатай болж байна.

Хязгаарлалтад өртсөн гол бүс нутаг болон орнууд

Цагаачлалын виз олголтыг түр зогсоосон 75 орныг бүс нутгаар нь ангилж үзвэл:

  • Төв болон Зүүн Ази: Монгол Улс, Лаос, Тайланд, Мьянмар, Камбож.
  • Төв Ази ба Орос: ОХУ, Казахстан, Узбекистан, Киргизстан.
  • Зүүн Европ ба Кавказ: Беларусь, Молдав, Армени, Азербайжан, Гүрж, Албани, Косово.
  • Ойрх Дорнод ба Хойд Африк: Иран, Ирак, Сири, Йемен, Ливи, Египет, Иордан, Кувейт.
  • Африкийн орнууд: Нигери, Этиоп, Гана, Сенегал, Судан, Сомали, Конго, Камерун зэрэг 30 гаруй улс.
  • Латин Америк ба Карибын тэнгис: Куба, Гаити, Ямайка, Бразил, Колумби, Уругвай, Никарагуа, Гватемала.

Ерөнхийлөгчийн захирамжид дурдсанаар, хэрэв виз хүсэгч нь АНУ-ын эдийн засагт бодит хувь нэмэр оруулж, үндэсний ашиг сонирхлыг хамгаалахад тусалж чадна гэдгээ баримтаар нотолж чадвал цагаачлалын визийг “үл хамаарах” журмаар олгож болох аж. Гэвч энэхүү шалгуур нь маш хатуу бөгөөд ихэнх иргэдийн хувьд АНУ-д суурьших боломжийг үлэмж хэмжээгээр хязгаарлаж байгааг олон улсын шинжээчид анхааруулж байна.

Шийдвэр хэрэгжиж эхлэхээс өмнө визний ярилцлагад орсон эсвэл виз нь зөвшөөрөгдсөн иргэдэд энэ журам хэрхэн нөлөөлөх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд АНУ-ын Төрийн департаментаас нэмэлт зааварчилгаа гарахыг хүлээж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй