Улаанбаатарын цагаар өчигдөр өглөө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын зэвсэгт хүчин Иран улсын цөмийн хөтөлбөрийн гол байгууламжуудыг амжилттай устгасан талаар албан ёсоор мэдэгдэв.
Тэрбээр ажиллагаа амжилттай болсныг онцолж, Ираны Фордо дахь стратегийн байгууламжид хүчтэй бөмбөг хаясан тухайгаа мэдээлсэн. Ираны төрийн төв хэвлэл ч мөн адил уг байгууламж халдлагад өртсөн болохыг баталжээ.
Уг үйл явдлаас өмнө АНУ B-2 төрлийн бөмбөгдөгч онгоцнуудаа Гуамын бааз руу шилжүүлсэн тухай мэдээлэл гарсан нь ажиллагаанд бэлтгэж байсныг илтгэж байна.
Харин Трампын мэдэгдлээс өмнө Турк улсад айлчилж байсан Ираны гадаад хэргийн сайд, хэрвээ Израиль-Ираны сөргөлдөөнд АНУ оролцвол “маш аюултай” нөхцөл үүсэхийг анхааруулсан юм.
Трамп мэдэгдэлдээ Тегераны дэглэмд хоёр сонголт тавьсан. Тодруулбал:
“Хэрвээ тэд татгалзвал дараагийн цохилтууд хол илүү хүчтэй байх болно. Нэг бол энх тайван, үгүй бол сүүлийн найман өдөр үзсэнээс илүү эмгэнэлт зүйл Иранд тохиолдох болно” хэмээн анхааруулжээ.
Дөрөвхөн минут үргэлжилсэн мэдэгдлийнхээ үеэр тэрбээр Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуд “аюул заналыг дарсан багийн нэгэн гишүүн” хэмээн баяр хүргэв.