АНУ-ын эрдэмтэд 2025 оны Нобелийн физикийн шагнал хүртлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Нобелийн шагнал

2025 оны Нобелийн физикийн шагналын эзэд тодорлоо. Энэ удаа шагнал гурван физикчид олгогдсон бөгөөд тэд бүгд АНУ-д ажилладаг эрдэмтэд юм: Жон Кларк, Мишель Девор, Жон Мартинис. Тэд квантын физикийн чиглэлээр судалгаа хийдэг.

Шведийн Хааны шинжлэх ухааны академийн зарласнаар, Кларк (Берклигийн Калифорнийн их сургууль), Девор (Йелийн их сургууль болон Санта-Барбарагийн их сургууль), Мартинис (Санта-Барбарагийн Калифорнийн их сургууль) нарын хийсэн судалгааг “цахилгаан хэлхээнд макроскопийн квант-механик туннелийн нөлөө ба энергийн квантчиллыг нээсэн” хэмээн үнэлжээ.

Нобелийн хороо тэдний туршилтуудыг “квантын физикийг бодит ертөнцөд амжилттай харуулсан” гэж тодорхойлсон. Эрдэмтэд гарын алганд багтах хэмжээний цахилгаан хэлхээнд квантын туннелийн үзэгдэл болон энергийн түвшний квантчлалыг баталж, системийн хязгаарыг тодорхойлох шинэ алхам хийсэн гэж үзэж байна.

Нобелийн шагналын үнэ цэнэ ба өмнөх ялагчид

Шагналын хэмжээ 11 сая шведийн крон буюу ойролцоогоор 900 мянган евро юм. 2024 онд физикийн Нобелийн шагнал АНУ-ын Жон Хопфилд, Канадын Джеффри Хинтон нарт олгогдож, тэд “хиймэл нейрон сүлжээг ашигласан машин сургалтын үндэс суурийг тавьсан” хэмээн үнэлэгдсэн.

1901 оноос хойш Нобелийн физикийн шагнал 118 удаа олгогдож, нийт 226 эрдэмтэн шагнал хүртсэн бөгөөд тэдний дунд ердөө таван эмэгтэй бий.

Нобелийн долоо хоног үргэлжилж байна

10-р сарын 6-нд анхны шагнал — анагаах ухааны Нобелийн шагнал — АНУ болон Японы эрдэмтэд Мэри Э. Брунков, Фредерик Рамсделл, Шимон Сакагучи нарт олгогдсон. Тэд “дархлааны тэсвэржилтийн механизмын нээлт” хийсэн хэмээн үнэлэгджээ.

10-р сарын 8-нд химийн, 9-нд уран зохиолын, 10-нд Ослод энх тайвны, 13-нд эдийн засгийн шагналын эздийг зарлана. Физик, химийн, уран зохиолын болон анагаахын шагналууд Стокгольмд олгогддог бол энхийн шагналыг Норвегийн нийслэл Ослод гардуулдаг.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй