Home Гадаад мэдээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп анхны гадаад айлчлалаа өчигдөр Саудын Араб улсаас албан ёсоор эхлүүллээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп анхны гадаад айлчлалаа өчигдөр Саудын Араб улсаас албан ёсоор эхлүүллээ.

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Трамп

Тэрээр энэхүү айлчлалаа Персийн булангийн бүс нутгийн Катар болон Арабын Нэгдсэн Эмират улсуудад үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Айлчлалын анхны өдөр Саудын Араб АНУ-аас нийт 142 тэрбум ам.долларын зэр зэвсгийн худалдааны гэрээнд гарын үсэг зурсан байна.

Мөн тус улсын угсаа залгамжлах хунтайжийн мэдээлснээр, АНУ-ын эдийн засагт нийт 1 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийх бусад олон салбарын хэлэлцээрүүд ч байгуулагдаж байгаа аж.

Рияад хотноо болсон хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр Дональд Трамп “АНУ-д Саудын Араб шиг хүчтэй түнш байхгүй” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Түүнчлэн, Трамп Сирийн иргэний дайны улмаас өмнө нь хэрэгжүүлсэн эдийн засгийн хоригуудыг цуцлах амлалтыг мөн энэ үеэр өгчээ.

Сонирхолтой нь, Трамп өмнөх засгийн үедээ ч мөн гадаад айлчлалаа Саудын Араб улсаас эхлүүлж байсан байна.

“Тэр надад их таалагддаг. Тиймээс ч бид ийм их зүйл өгч байгаа юм” хэмээн Трамп угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманд хандан хэлсэн нь анхаарал татлаа.

Энэ удаагийн Ойрх Дорнодын айлчлалд тэрбээр дараах бизнес эрхлэгчдийг дагуулан оролцож байна:

  1. Илон Маск – тэрбумтан
  2. Сэм Олтмэн – OpenAI компанийн гүйцэтгэх захирал
  3. Ларри Финк – BlackRock-ийн гүйцэтгэх захирал
  4. Женсен Хуан – Nvidia-ийн гүйцэтгэх захирал

Айлчлалын хүрээнд Nvidia компани Саудын Арабын Humain компанид 18,000 гаруй ширхэг хамгийн сүүлийн үеийн хиймэл оюуны чип нийлүүлэх болсноо зарласан байна.

Мөн Дональд Трамп Саудын Араб улсыг Израиль болон Персийн булангийн орнуудын харилцааг сайжруулах зорилготой Абраамын Гэрээнд нэгдэхийг хүсэж буйгаа илэрхийлжээ.

Гэсэн ч хунтайж Мохаммед бин Салман “Газын зурваст энх тайван тогтож, Палестины тусгаар тогтносон улс байгуулагдах хүртэл ийм алхам хийх боломжгүй” гэдгийг тодотгосон байна.

Нөгөөтэйгүүр, Трампын зүгээс Сирийн хоригийг цуцална хэмээсэн мэдэгдэл нь угсаа залгамжлах хунтайжийн хүсэлттэй холбоотой байж болох юм.

АНУ-ын зүгээс Сири улсад 10 гаруй жилийн турш хэрэгжүүлж ирсэн эдийн засгийн хориг нь тус улсын дарангуйлагч Башар аль-Ассадын дэглэмийг чиглэж байжээ. Харин өнгөрсөн оны сүүлээр босогчид түүний засаглалыг түлхэн унагаж, шинэ төрийн байгуулалтыг бий болгосон юм.

Энэ талаар Сирийн гадаад хэргийн сайд Асаад Шибани “Трампын мэдэгдэл бол манай улсын дахин сэргэн мандалтын шинэ эхлэл” хэмээн тодорхойлсон байна.

Айлчлалын хоёр дахь өдөр буюу өнөөдөр Трамп Саудын Арабын нийслэлд Сирийн ерөнхийлөгч Ахмед аль-Шараатай уулзах төлөвтэй байна.

Улмаар тэрээр ойрын 10 жилд АНУ-д нийт 1.4 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр амласан Катар болон Арабын Нэгдсэн Эмират улсад үргэлжлүүлэн айлчлахаар төлөвлөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.