АНУ-ын Үхлийн хөндийд сүүлийн арав гаруй жилд тохиогоогүй “супер цэцэглэлт” эхэллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Death Valley

АНУ-ын Калифорни мужид байрлах Үхлийн хөндийд (Death Valley) энэ өвөл дээд хэмжээний хур тунадас орсноор “супер цэцэглэлт” хэмээх байгалийн ховор үзэгдэл эхэлсэн талаар The Guardian мэдээлэв. Ихэвчлэн элс, хайрга, чулуунаас өөр зүйлгүй байдаг хуурай цөлийн ландшафт өдгөө ягаан, нил ягаан, шар өнгийн зэрлэг цэцэгсээр бүрхэгдээд байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорин очиж буй аялагчид цөлийн асар том талбайг бүрхсэн цэцэгсийн далайг харахаас гадна байгалийн анхилуун үнэрийг мэдрэх боломжтой болжээ.

Шинжлэх ухааны үүднээс “супер цэцэглэлт” (superbloom) гэх нэршилд өгсөн тодорхой тайлбар байдаггүй. Гэсэн хэдий ч АНУ-ын Үндэсний хүрээлэнгийн албанаас (NPS) тайлбарласнаар, энэ үг нь цэцэгс ганц нэгээрээ бус, харин байгалийн ландшафтыг бүхэлд нь өнгө алаглуулан зурвас үүсгэн бүрхэхийг хэлдэг ажээ.

“Ялангуяа элс, хайрга, чулуу давамгайлсан нам дор газруудад цэцэгс маш шигүү ургаж, алсаас харахад өнгө алагласан тууз шиг харагдах тэрхүү нөхцөлийг бид ийнхүү нэрлэдэг” хэмээн албаны мэдэгдэлд дурджээ.

Үхлийн хөндийд ийм хэмжээний масс цэцэглэлт хамгийн сүүлд 2016 онд бүртгэгдэж байв. Хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, энэхүү үзэгдэл нь зөвхөн “ижил түвшний таатай нөхцөл” бүрдсэн үед буюу хур тунадас улирлын турш жигд орж, агаарын хэм дунд зэрэг байх үед тохиодог байна.

Одоогийн байдлаар хүрээлэнгийн нам дор хэсгүүдийн цэцэглэлт цаг агаарын байдлаас шалтгаалан гуравдугаар сарын сүүл хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Харин арай өндөрлөг хэсгүүдэд цэцэгс арай хожуу буюу дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын хооронд дэлгэрэх ажээ.

Энэхүү “супер цэцэглэлт” нь маш богино хугацаанд үргэлжилдэг тул байгалийн ховор үзэгдлийг амжиж харахыг хүрээлэнгийн захиргаанаас санууллаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй