Биеийн тамир, бодибилдинг, фитнесийн спортыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Anuxai’s Fitness” реалити шоуны гуравдугаар улирал өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Тус шоу нь эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлж, богино хугацаанд эрүүлээр хэрхэн өөрчлөгдөж болохыг оролцогчдын жишээгээр дамжуулан харуулах юм.
Бодибилдинг, фитнесийн дэлхийн аварга, хоёр удаагийн алтан медальт тамирчин Н.Ануужингийн санаачилсан энэхүү төсөл гурван жилийн дараа дахин үзэгчдийн хүртээл болж байгаа бөгөөд 45 хоногийн турш үргэлжлэх эрчимтэй галбиржуулах хөтөлбөр хэрэгжих юм. Шоу “Өөртөө хувьсал хий” уриан дор явагдах бөгөөд долоо хоног бүрийн Даваа, Пүрэв гарагт 20:30 цагаас ТВ8 телевизээр цацагдана.
Өмнөх улирлуудын онцлох амжилтууд:
- 1-р улирал: Оролцогч Оля 45 хоногийн хугацаанд 18.3 кг жин хасаж, ялагчаар тодорсон.
- 2-р улирал: Жүжигчин О.Үржинханд 18.1 кг жин хасч, бэлхүүсний тойргоосоо 31 см хасаад ялагч болсон.
- 2022 онд шоуны 13 оролцогч богино хугацаанд эрүүлээр жингээ бууруулж, олон бүсгүйчүүдэд бодит урам зориг өгч байв.
Энэ улиралд оролцох хүсэлтэй бүсгүйчүүдээс 8000 орчим хүн хүсэлт ирүүлснээс зөвхөн нэгийг нь сонгон оролцуулж байна. Шоуны сонгон шалгаруулалт улс даяар өрнөсөн нь фитнес болон эрүүл амьдралын хэв маягт хандлага хэрхэн нэмэгдэж буйг харуулж байна.
Монгол Улсад эмэгтэйчүүдийн 64.2 хувь нь жингийн илүүдэлтэй байгаа гэсэн судалгаа бий. Энэхүү шоу нь зөвхөн жин хасах төдийгүй, эрүүл мэндэд учирч болох эрсдлийг бууруулах, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн гэдгээрээ онцлог.