Энэ зун зохион байгуулагдах “ARA” фестивалийн хүрээнд “Physical Asia” төслийн баг болон олон улсад танигдсан Монгол уран бүтээлчид нэг дор цуглахаар болжээ. Нэвтрүүлэгт оролцсон тамирчид, уран бүтээлчдийн үзүүлбэрийг Монголын үзэгчид амьдаар үзэх боломж бүрдэх юм.
Фестивалийн онцлох үзүүлбэрүүдийн нэг нь Монгол Улсын Гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очир-ын тоглолт байх аж. Тэрбээр олон улсын циркийн тайзнаа тогтмол уран бүтээлээ толилуулдаг бөгөөд энэ удаа Монголын үзэгчдэд зориулан тус фестивалийн үеэр эх орондоо тоглолт хийхээр төлөвлөжээ.
Мөн дэлхийн хүчний спортын тамирчин Эдди Уилламс “ARA” фестивалийн нүүр царайгаар ажиллах болсон байна. Үүнээс гадна “Physical Asia” төслийн баг Монголд ирж, олон улсын зах зээлд чиглэсэн шинэ контент бүтээхээр төлөвлөж буйг зохион байгуулагчид мэдээлжээ.
“Tourism Week – 2026” үндэсний чуулганы үеэр “Спарк” агентлагийн гүйцэтгэх захирал Э.Дөлгөөн “Physical Asia” контент аялал жуулчлалын салбарт үзүүлж буй нөлөөллийн талаар танилцуулсан байна. Түүний мэдээлснээр уг контентын нөлөөгөөр:
- Солонгос, Тайландын жуулчид Монголын Арслан Б.Орхонбаяр-ын бэлтгэлийг үзэхээр урьдчилан зөвшөөрөл авч Монголд ирэх болсон
- Монголын тамирчдын сошиал дагагчдын тоо 10 мянгаас 500 мянга хүртэл өссөн
- Олон улсын нөлөөлөгчидтэй хамтран ажиллах боломж нэмэгдсэн
Ийнхүү “Physical Asia” төслийн хүрээнд бүтээгдсэн контент нь Монголын спорт, соёлын салбарыг сурталчлахаас гадна аялал жуулчлалын салбарт эерэг нөлөө үзүүлж байгааг онцолж байна.