2025 оны зургаадугаар сарын 3-ны өглөө ардчилал бодитоор мэдрэгдсэн онцгой өдөр байлаа. Хэдийгээр Монгол Улс парламентын засаглалтай, олон намын оролцоотой, хэвлэлийн эрх чөлөөтэй улс гэж харагддаг ч бодит байдалд ардчилал удаан хугацаанд уруудан доройтсоор ирсэн нь сүүлийн 19 хоногийн үйл явдлаас тодорхой харагдсан.
Зургадугаар сарын 2-ны өдөр болсон УИХ-ын чуулган улс төрийн хүрээнд сургамжтай, бас тод мөртэй үйл явдлуудыг үлдээв. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг огцруулах үйл явц эхэндээ түүний орлогын эх сурвалжийг тайлбарлахтай холбоотой байсан ч улмаар олон нийтийн бухимдлыг өдөөн, залуусын жагсаалд түлхэц болсон билээ.
Түүний 20 настай хүүгийн тансаг хэрэглээ нь олон нийтэд татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулж байгаа талаар эргэлзээ төрүүлж, Ерөнхий сайдын ёс зүй, хариуцлагын асуудал хурцаар тавигдсан. Л.Оюун-Эрдэнийн үг, үйлдэл улам эргэлзээ төрүүлж, дотоодын зөрчлийг намын болон парламентад шилжүүлснээр нийгэм түүнийг хэт их эрх мэдэлд шунасан удирдагч гэж харсан нь илт.
Тэрбээр УИХ-д “итгэл үзүүлэх” хүсэлт тавьсан ч чуулганы хэлэлцүүлэгт оролцсон гишүүдийн олонх нь тогтвортой төрийн тухай ярьсан ч уг ойлголтыг бодитой ойлгодоггүй нь ил байсан. Тогтвортой төр гэдэг нь хувь хүн бус, институцийн тогтолцоог илэрхийлдэг гэдгийг сүүлийн өдрүүдийн үйл явдлаас харж болохоор байв.
Эцэст нь ардчилал өөрийгөө хамгаалсан. Муу удирдагчийг огцруулж, буруу бодлогыг засах нь ардчиллын амин сүнс гэдгийг өчигдрийн шийдвэр нотолсон юм.
Хамтарсан гэх нэртэй хяналтгүй засаглал ардчиллын эсрэг хүч болж, хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын тогтолцоо Монгол шиг жижиг улсад хамгаалалт болохыг харууллаа. Л.Оюун-Эрдэнэ чуулганы индэр дээрээс Ерөнхийлөгч болон намын удирдлагуудад чиглэсэн байр суурь илэрхийлсэн ч орлогоо тайлбарлахын оронд хүүгийнхээ хувийн амьдрал, өөрийн тэмцлийн талаар ярих нь олон нийтийн итгэлийг улам бүр алдсан.
Гэвч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн цаг үеэ олсон үгс, байр суурь улс төрийн тэнцвэрийг тогтооход чухал нөлөө үзүүллээ. Тэрбээр ҮАБЗ-ийн тэргүүний хувиар жагсаж буй иргэдийн дуу хоолойг хүндэтгэх шаардлагатайг сануулж, парламентын тогтолцоог дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
Үүний үр дүнд Ерөнхийлөгчийн засаглал руу тэмүүлэх нь Л.Оюун-Эрдэнийн өөрийн хүсэл байсан уу гэсэн асуулт хөндөгдөж эхэлсэн юм. Төрийн эрхийг улс төрийн нам дамжуулж барьдаг учир намууд институц болж төлөвшөөгүй тохиолдолд төрийн удирдлагыг мафи маягийн тогтолцоо авдаг гэдгийг энэ үйл явдал санууллаа.
АН-ын зүгээс олонхын шийдвэрээр чуулганд оролцож, байр сууриа илэрхийлсэн ч итгэл үзүүлэх санал хураалтад оролцохоос татгалзсан. Үүний үр дүнд санал хураалтаар 48 гишүүн дэмжсэн нь хуульд заасан 64 саналд хүрээгүй тул Ерөнхий сайд огцров.
Энэ шийдвэр нь АН сөрөг хүчний байр сууриа сэргээж, ардчиллын төлөө зогсож буйгаа харуулсан үйлдэл боллоо. Намын дотоод зодооныг төрийн хэмжээнд авчирч, нийт улс орны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх гэсэн МАН-ын оролдлогыг хүлээн зөвшөөрөөгүй нь АН-ын түүхэнд тэмдэглэгдэхүйц алхам боллоо.