Ардын хувьсгалын 104 жилийн ойн барилдаан Төв цэнгэлдэхэд эхэллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ардын хувьсгалын 104 жилийн ойн барилдаан Төв цэнгэлдэхэд эхэллээ

2025 оны долоодугаар сарын 11-ний энэ өдөр Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулсан Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан ёслол төгөлдөр эхэллээ.

Энэ жилийн наадамд нийт 512 бөх зодоглож буй бөгөөд тэдний тэргүүн эгнээнд таван аварга барилдаж байна. Тодруулбал, дархан аварга 1, улсын аварга 4, арслан 8, гарди 6, заан 14, харцага 21, начин 48, нийт 102 улсын цолтой бөх зодоглож буй. Мөн аймаг, цэргийн арслан 125, заан 29, харцага 18, начин 72, сумын заан 102, начин 15, залуу бөх 49 дэвжээнд гарч байна.

Зодоглож буй бөхчүүдээс хамгийн ахмад нь улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ бөгөөд түүний хамтаар улсын арслан До.Ганхуяг, заан Ц.Мягмарсүрэн, харцага Ш.Уламбаяр нар ч төрийн наадамдаа зодоглож байна. Өнөөдөр бөхийн барилдааны нэг болон хоёрын даваа явагдана.

Түүнчлэн энэ жилийн наадмыг ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн дархан аваргууд болох Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар өнжиж буйг онцлох хэрэгтэй. Ингэснээр ард түмэнд “зургаан залуу заан” хэмээн алдаршсан хүчтэнүүд наадмын торгон дэвжээн дээр дахин зодоглохгүй болж, нэгэн түүхийн хуудсыг хааж байна.


Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment