Арнольд Шварценеггерийн хүү бодибилдингийн анхны тэмцээндээ аваргаллаа

by Уянга Эрдэнэбилэг
1 comment
жозеф Баена

“Төмөр” Арнольд Шварценеггерийн хүү Жозеф Баэна бодибилдингийн спортоор анх удаа хүч үзэж, хэд хэдэн ангилалд зэрэг ялалт байгууллаа. Энэ тухай People сэтгүүл мэдээлэв.

Өдгөө 28 настай Баэна 3 дугаар сарын 28-ны өдөр “NPC Natural Colorado State” тэмцээний эрэгтэйчүүдийн нээлттэй хүнд жин, “True Novice” (анх удаа оролцогчид) болон “Novice” (эхлэн суралцагчид) гэсэн гурван ангилалд тэргүүн байр эзэлснээ Instagram хуудсаараа дамжуулан дуулгав. Тэрээр тайзан дээрх зургаа нийтлэхдээ “Даалгавар биеллээ” хэмээн товчхон тайлбарлажээ.

Жозеф Баэна энэхүү тэмцээндээ бэлдэхийн тулд Калифорни мужийн Веніс-Бич дэх алдарт “Gold’s Gym”-д аавтайгаа хамт бэлтгэл хийсэн байна. Энэхүү заал нь Арнольд Шварценеггерийг 1960-аад онд АНУ-д нүүж ирэхэд нь амжилтынх нь гараа болж байсан түүхтэй газар юм. Түүний аав Арнольд Шварценеггер карьерынхаа туршид “Мистер Олимпиа” (Mr. Olympia) тэмцээнд долоо, “Мистер Юниверс” (Mr. Universe) тэмцээнд таван удаа түрүүлж байсан дэлхийн хамгийн амжилттай тамирчдын нэг билээ.

Арнольд Шварценеггерийн хүү бодибилдингийн анхны тэмцээндээ аваргаллаа

Гэхдээ Баэнагийн хувьд ийм бие галбиртай болох замнал тийм ч амар байгаагүй гэнэ. Тэрээр ахлах сургуульд байхдаа илүүдэл жинтэй байсан тул сагсан бөмбөг, хөлбөмбөгийн багт сонгогдож чаддаггүй байжээ. Тэрээр энэ тухайгаа:

“Хүмүүс намайг ахлах сургуульд байхдаа нэлээд махлаг хүүхэд байсныг мартчихдаг. Бусад хүүхдүүдийг гүйцдэггүй байсан болохоор намайг спортын багуудад авдаггүй байлаа. Азаар усанд сэлэлтийн төрөлд ямар нэгэн шалгуур байгаагүй нь миний амьдралыг бүрэн өөрчилж, фитнессийн ертөнцөд хөтөлсөн юм” гэж хуваалцжээ.

Мөн тэрээр бага насандаа жингийнхээ улмаас үе тэнгийнхэн төдийгүй найз нөхөддөө хүртэл гадуурхагдаж байснаа дурссан байна. “Хамгийн дотны найзууд минь л намайг жингээс минь болж хамгийн их шоолдог байсан. Энэ нь намайг өөрийгөө олж нээх, бие бялдраа өөрчлөх хүсэл эрмэлзэлтэй болоход маш том сорилт, мотиваци болсон” хэмээн Жозеф Баэна онцолжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Никтумыш 4 сар 1, 2026 - 02:54

Аав шигээ сайн тамирчин болох нь дээ

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй