Арванхоёрдугаар Сарын Догдлол: Сонгомол 7 Шинэ К-Драма

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
CASHERO

Арванхоёрдугаар сар бол гацуур модны гэрэл, шинэ жилийн баярын дуу хөгжим эгшиглэж, хүн бүрийн сэтгэлийг гэгэлзүүлдэг хамгийн сайхан сар билээ. К-драма сонирхогч та бүхэнд энэхүү догдлолтой сард нээлтээ хийх хамгийн шилдэг 7 киног танилцуулж байна. Баярын өдрүүдээ угтаж, шинэ кинонуудаа таалан үзээрэй.

Кинонуудын Товч Агуулга

  • THE PRICE OF CONFESSION — Эгэл жирийн амьдралтай урлагийн багш Ан Юн Сү нөхрийгөө танихгүй этгээдэд хөнөөлгөж, өөрөө хэрэгт гүтгэгдсэнээр үйл явдал эхэлдэг. Тэрээр гэм буруугүй гэдгээ нотлох баримтгүйн улмаас шоронд хоригдоно. Шоронд байхдаа Мо Ин хэмээх эмэгтэйтэй танилцаж, тэдний хооронд нууцлаг бөгөөд аюултай тохиролцоо хийгдсэнээр нууц задлах тэмцэл өрнөнө.
THE PRICE OF CONFESSION
  • SURELY TOMORROW — Сонинд сурвалжлагч хийдэг Ли Гён До 20 настайдаа Жи У хэмээх бүсгүйтэй танилцаж, хайр сэтгэлийн холбоо тогтоосон ч харилцаа нь төгсдөг. Гэвч найман жилийн дараа тэд дахин болзож, дахиад л салснаар хувь тавилан нь ээдрээтэйгээр холбогджээ. Одоо Гён До Жи Угийн нөхөртэй холбоотой дуулиант нийтлэл дээр ажиллах болсон нь тэднийг олон жилийн дараа дахин учруулах шалтгаан болно.
SURELY TOMORROW
  • PRO BONO — Өндөр амбицтай, хууль эрх зүйн салбарт нөлөөтэй шүүгч Кан Дэвит санаанд оромгүй явдлаас болж албан тушаалаа орхино. Тэрээр олон нийтийн эрх ашгийг хамгаалах “Про Боно” байгууллагад өмгөөлөгчөөр ажиллахаар шийддэг. Тэнд Пак Ки Бүм хэмээх өмгөөлөгчтэй танилцаж, адал явдал, сорилт бэрхшээлээр дүүрэн ажлын замналаа эхлүүлнэ.
PRO BONO
  • LOVE ME — Энэхүү кино нь эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг нэгэн эмэгтэйн түүхийг өгүүлнэ. Тэрээр гаднаас харахад цалин сайтай, гоо үзэсгэлэнтэй, төгс амьдралтай мэт боловч хэнд ч хэлээгүй нэгэн нууцыг тээдэг. Түүний нууц нь долоон жилийн өмнө болсон хар бараан осолтой холбоотой байх бөгөөд уг нууц хэрхэн илрэх нь киноны гол үйл явдал болно.
LOVE ME
  • I DO I — Өмгөөлөгч Маен Сэ Нагийн тухай энэ кино нь түүний 10 жил шүтэж, хөгжөөн дэмжсэн Gold Boys хамтлагийн гоцлол дуучин До Ра Икийг аллагын хачирхалтай хэрэгт сэжиглэгдсэнээр өрнөнө. Сэ На шүтээнийгээ өмгөөлж, үнэн зөвийг тогтоохын төлөө тэмцдэг. Хэргийн дараа тайзны амьдрал, дуучны карьераас залхсан До Ра Ик өөрөөр амьдрахаар шийддэг тухай гарна.
DO
  • MADE IN KOREA — 1970-аад оны үед өрнөх уг кино нь эрх мэдэл, амжилтад хүрэхийг хүсдэг залуу Бэк Ки Тэ болон тууштай прокурор Жан Гүн Ёнг нарын тухай юм. Тэдний амьдрал гэнэтийн томоохон хэрэг гарч, асуудлууд ар араасаа хөврөн гарах үед огтлолцдог. Энэ кино нь 12 ангитай бөгөөд тус бүр 6 анги бүхий хоёр бүлэгт хуваагдсан.
MADE IN KOREA
  • CASHERO — Төрийн албан хаагч Кан Сан Ун мөнгөтэй байх тусмаа улам хүчирхэг болдог өвөрмөц чадвартай нэгэн. Түүний хувьд хангалттай мөнгөтэй л байвал төмөр эвхэх, барилга нураах зэрэг нь хэцүү биш. Харин түүний найз охин бодлоготой, зарчимч нэгэн бөгөөд найз залуугийнхаа энэ онцгой хүчийг нэг их ойшоодоггүй ажээ.
CASHERO

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй