«ATOX» багийн дуулиан: dobu, kabal нар CS-ээс насан туршдаа хасагдлаа

1 comment
"ATOX"

Цахим спортын шударга байдлыг сахиулах үүрэгтэй Esports Integrity Commission (ESIC)-оос Монголын цахим спортын «ATOX» багийн тоглогчид болон ажилтнуудад хатуухан шийтгэл ногдууллаа. Тэд авлигын эсрэг дүрэм зөрчиж, тоглолт наймаалцсан хэрэгт холбогдсон нь тогтоогдож, зарим нь бүр насан туршийн хоригт орсон байна.

Насан туршдаа “Counter-Strike” (CS) тоглоомоос хориглогдсон тоглогчид бол Б.Ган-Эрдэнэ буюу “dobu”, Б.Бат-Энх буюу “kabal”, аналист Б.Ана-Эрдэнэ буюу “nuka” нар юм. Тэд 2024 оны сүүлээс 2025 оны гуравдугаар сарын хооронд 70 гаруй сэжигтэй тоглолтод оролцож, үр дүнг урьдчилан тохиролцсон нь нотлогджээ. «Dobu» өөрөө эдгээр үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байснаа ч хүлээн зөвшөөрсөн байна.

Үүнээс гадна, багийн ахлах дасгалжуулагч Г.Төгөлдөр (“FlyNN”) гурван жил, тоглогч Б.Тэмүүлэн (“MiQ”) нэг жил, Б.Отгонлхагва (“AccuracyTG”), Э.Мөнхсайхан (“Zesta”) нар тус тус найман сараар CS-ийн тэмцээнд оролцох эрхээ хасуулжээ.

Шийтгэлтэй зэрэгцэн “kabal” өөрийн цахим хуудсаар дамжуулан “Бид бүгд нэг завин дээр суугаа шүү” гэсэн утгатай бичвэр нийтэлсэн нь олон нийтийн анхаарлыг татаж, Монголын цахим спортын орчинд тогтсон хуйвалдаан байж болзошгүй гэх эргэлзээг улам гүнзгийрүүлж байна.

Энэхүү хэрэг нь зөвхөн нэг багийн нэр хүндийг унагаад зогсохгүй, үндэсний хэмжээнд цахим спортын нэр хүндэд сүүдэр тусгаж байна. Хууль, дүрэм зөрчин, зохиомол үр дүнтэй тоглолт хийсэн нь зөвхөн хувь хүний ёс зүйн хариуцлага бус, спортын шударга өрсөлдөөний зарчимд томоохон доргилт учруулж байгаа юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Хубилай 16 мая, 2025 - 12:51

Харамсалтай мэдээ байна… Ийм шийтгэл авна гэж бодсонгүй

Reply

Leave a Comment